Хөрөнгө чинээтэй оросууд Пакистанд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд ордог гэнэ. “Рен-Тв”-гийн сурвалжлагчид Оросын нэгэн худалдан авагч эмэгтэйтэй уулзсан байна. Нальчик хотын нэгэн томоохон албан тушаалтны охин Галина хэмээх энэ эмэгтэй бөөр шилжүүлэн суулгуулсан бөгөөд Пакистанд хагалгаа хийлгэх гэж тусгай ажиллагаанд ордог шиг л юм болсон гэжээ.
Энэ эмэгтэй Исламбад хот руу хоёр удаа нисээд донор олж чадаагүй байна. Ингээд зуучлалаар очиж эмнэлэгт хоёр сар хагасын хугацаанд хэвтжээ. Эмнэлэгт байх хугацаанд түүнийг гадагшаа гарахыг ч зөвшөөрдөггүй байв. Тус улсын хуулиар гадаадын иргэдэд ийм төрлийн хагалгаа хийхийг хориглодог болохоор пакистан нэрээр хэвтэж байсан гэнэ. Бүх зүйл бүтнэ гэсэн ямар ч баталгаагүйгээр олон хоног хэвтсэний эцэст донор олж, бөөр шилжүүлэн суулгуулсан байна.
Галина “Хагалгааны дараа оёдол жаахан таталдахаас өөр ямар ч зовиур алга. Эмнэлгээс гараад нэг хоногийн дараа гэр рүүгээ ниссэн” гэжээ. Бүсгүйн хувьд шинэ бөөрөө 2.6 сая рублиэр буюу 40 мянган ам.доллараар худалдан авсан байна.
40 мянган ам.доллар, дээр нь яаж ч магадгүй үр дүн гээд ийм их эрсдэл дунд Галина эрүүл болжээ. Яг түүн шиг Оросын олон иргэн Пакистанд ээлж дугаараа хүлээсээр байна.
Хуулиас гадуурх үйлдэл
Оросын хуульд зааснаар цусан төрлийн хамаатнаасаа сайн дураар үнэ төлбөргүй, эсвэл талийгаачаас л эрхтэн шилжүүлж авах ёстой гэж заасан байдаг. Хуулийн ийм заалттай тул хууль бус наймаа цэцэглэдэг аж. Донор болох хүмүүсийг ч олж цөхөх юмгүй. Интернэтээр дүүрэн амьд худалдаачид зах дээр мах зардаг хүмүүс шиг л өөрсдийгөө рекламдсан зарлал байдаг гэнэ.
Ялангуяа өр ширэнд орсон, ойр дотныхон нь өвдсөн, эсвэл ажилгүй нөхөд л эрхтнээ зардаг байна. Бас цөөнгүй хүмүүс “хүн шиг амьдрахын тулд” ийм үйлдэл хийдэг.
Өрөөсөн бөөртэй иргэдээр дүүрсэн тосгон бий
Сэтгүүлчид тус улсын нэгэн тосгоны иргэдийн 60 хувь өрөөсөн бөөртэй болохыг олж тогтоожээ. Нутгийн нэг иргэн “Бидэнд өөрийгөө зарахаас өөр юу ч алга. Би аль дээр хагалгаанд орсон. Харин хүү маань өнгөрсөн онд эрхтнээ шилжүүлсэн” гэжээ.
Пакистанаас шилжүүлэх эрхтэн худалдан авахын тулд бүхэл бүтэн сүлжээнд орох хэрэг гардаг. Эхлээд интернэтэд зар тавина. Ийм зар дэлхий даяар өч төчнөөнөөрөө бий. Мэдээж мөнгийг нь авчихаад алга болдог луйварчидтай ч таарч мэднэ. “Рен-ТВ”-гийн сурвалжлагчид Нижний Новгородод хэлэлцээ хийх хүнтэйгээ уулзжээ.
Тэд хотын нэгэн кафед уулзахаар товлоход өөрийгөө Роман хэмээн нэрлэсэн нэгэн эр ирсэн байна. Өнөөх эр хагалгааны өртөг байнга өөрчлөгддөг тухай ажил хэрэгч байдлаар мэдээлсэн бөгөөд өдгөө 40 мянган ам.долларт хүрсэн гэжээ.
Романы хувьд хаашаа ч явдаггүй аж. Зуучлалын мөнгөө авчихаад, эмнэлэгтэй холбож өгдөг. Бас хууль бус бизнес эрхэлж байгаагаа шударгаар хэлсэн бөгөөд Пакистанд хагалгаанд орох нь ч хууль бус ажиллагаа гэжээ.
Роман “2011 оноос өмнө энэ асуудлыг хуулиар зөвшөөрдөг байсан. Өөрөөр хэлбэл өвчин ирлээ, хагалгаа хийлээ. Харин одоо бол өвчтөн нь гадаадын иргэн биш л бол хагалгаа хийдэг болсон. Өөрөөр хэлбэл танд пакистан овог, нэр өгөөд, эмнэлэгт яг л тэндхийн иргэн мэтээр бүртгүүлнэ” гэжээ.
Харин өөрсдөө шууд Пакистанд очоод хэрэггүй хэмээн сануулж байлаа. Учир нь Пакистаны бурхан мартсан гэмээр тосгодод нь жинхэнэ лалын шашинтнууд амьдардаг. Эндхийн хүмүүс өөрсдийнхөө хуулиар амьдардаг бөгөөд хэвлийн хөндийн мэс засал хийлгэнэ ээ гээд шууд хэлбэл олон хүний уур хилэнг бадраана. Эндхийнхэн гадны хүмүүст дургүй гэнэ.