“Ардчилал”-ын баатар ашиг сонирхлоор шалгагдана гэдэг гунигт үзэгдэл

Хуулийнхан нохойг чоно гэж андууран 72 цаг шинжилж “байцаагаад сулласан” явдал нийгмийг хэд хоног хөгжөөлөө. Яг үүнтэй ижил ч гэж болохоор эргэлзээг хууль хяналтынхан тайлахгүй бол хэн нь төрөөс хулгай хийсэн гэмт этгээд, хэн нь улсдаа гавьяа байгуулсан баатар болохыг ялгаж салгахаа байлаа. Хууль хяналтынхан УИХ-ын гишүүн, сайд, нийслэл хотын дарга гэх мэт монгол төрийн өндөр босгыг даван хариуцлагатай албан тушаал хашиж байсан эрхмүүдийг толгой дараалан шалгаж байгаа ч асуудлыг мухарлахгүй буйгаас нийгэмд хүлээлт үүсэв. Сүүлдээ айлын тэжээвэр нохойг хүртэл үлдээлгүй шударга бусын хонгил гэгчээр оруулсан гэж ч ойлгогдох шиг.

Ялангуяа улс төрийн хүрээнийхнээс бороохой, гаваар өрсөлдөгчөө намнадаг явдал гаарлаа гэх гомдол тасрахаа байв. Жишээлбэл, 2012-2016 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллан, их хотын 1.4 сая хүний амь амьдралтай холбоотой асуудлыг гардан шийдсэн Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэрэг байна. Түүнийг эгээтэй л бариад хорьчихоогүй ч хууль хяналтынхан удаан хугацаанд шалгалаа. “Үүл” даргын хувьд нийслэлд онц байдал зарлах хэмжээнд хүрээд буй агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхээр гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлсэн.

Үр дүнд нь газрын эздийн өмч үнэд хүрч, шаардлагатай хэсгийг нь дулаан орон сууцад оруулсан гавьяатан яах аргагүй мөн. Гэхдээ гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэх явцад түүний хүү Б.Чулуудайн компани гүйцэтгэгчээр шалгарсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байлаа. Удалгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Б.Чулуудайн гадаад дахь офшор данс илэрсэн гэх мэдээлэл цацагдсан нь дарин дээр давс нэмсэн юм. Энэ нь түүнийг албан тушаалаасаа буусан даруйд шалгах шалтгаан болоод буй. МАН-ын Засгийн газар 2016 онд бүрэлдсэн даруйдаа Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг шалгах явцад Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын захирал асан А.Гантулгатай холбоотой зөрчил илэрсэн байдаг.

Тэрбээр ТОСК-ын захирал байхдаа ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 мянган ам.доллар хахуульд авсан гэж буруутгагдсан талаар хууль хяналтын байгууллагууд мэдээлж байлаа. Түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн ч өнгөрсөн оны хавар нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас хойш хотын экс дарга Э.Бат-Үүлийн нэр хүчтэй яригдах болсон юм. Түүний хүү Б.Чулуудайн “Гранд лайн” компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 япи үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Түүний авсан зээлийг төлөхөөр Хотын дарга асан Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан Төрийн орон сууцын корпорац (ТОСК)-ын гүйцэтгэх захирал асан А.Гантулгад нөлөөлсөн байж болзошгүй.

Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалттай хөрөнгөөс есөн тэрбум төгрөг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж буй. Тэгвэл Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэдхэн хоногийн өмнө Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаад байна.

Учир нь мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон бөгөөд зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ. Шүүхээс гаргасан үндэслэлийг харахад, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл бөгөөд нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагатай аж. Ардчилсан хувьсгалын “Aлтан хараацай”, Ардчилсан намын лидер Э.Бат-Үүлийн хувьд журмын дүү, Ерөнхийлөгч Х.Баттулгын баримталж буй бодлого, явуулж буй үйл ажиллагааг илтээр шүүмжлэх болсон. Ингэхдээ Монголын ардчилалд аюул учраад буйг удаа дараагийн нийтлэлээрээ анхааруулаад байгаа бөгөөд “Би л хувьдаа дарангуйлагчийн боол болох өдрийг хүлээж суухгүй.

Боол болж байхаар эрх чөлөөт хүний ёсоор цовдлуулсан нь дээр! Өвөг дээдэс минь “Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” хэмээн захисан. Тэднийхээ захиасыг санан санан жинхэнэ монгол хүний ёсоор эрх чөлөөнийхөө төлөө тэмцэнэ” гэдгээ улсын баатрын хувиар журмын нөхдүүдээсээ урьтан илэрхийлсэн. Угтаа бол дусал ч цус үзэлгүй Төв Азийн цээжинд ардчилсан хувьсгал хийж чадсан, ардчиллын амин сүнс нь болсон эрхэм өөрөө улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт унан шалгагдаж байна гэдэг өөрөө гунигтай үзэгдэл. Ямартаа ч “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэгчээр хууль, хяналтынхны зүгээс гаргаж тавьсан олон хуудас бүхий үндэслэлийг шүүх хэлэлцээд шийдвэрлэх биз. Үнэхээр албан тушаалаа урвуулан ашигласан бол шүүхийн шийдвэр гарсан даруйд “Монгол Улсын баатар” гэх эрхэм хүндтэй цолыг Ерөнхийлөгч хураачих байлгүй.

Харин хүүгийнх нь хамтаар хэлмэгдүүлэн шалгасан гэж үзвэл дусал ч цус гарздалгүй олж авсан Монголын ард түмний ололт амжилт болох ардчилсан тогтолцоо өнөөдөр юу болж хувирсны гунигт дүр төрх түүгээр ил болно. Тэр цагт улсын баатрын анхааруулаад байгаа аюул нүүрлэж эхэлсэн гэж ойлгож болох нь. Одоогоор Нийслэлийн ИТХ-д сөрөг хүчний төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх өнгөрсөн сард товлогдоод байсан ч хойшилсон. Тухайн үед тэрбээр “Шүүхээр гэм буруутай нь тогтоогдохоос өмнө хэнийг ч гэм буруутай гэж тооцохгүй гэдгийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан их тодорхой хэлсэн.

Гэтэл мөрдөн байцаалтын явцад намайг гэм буруутай гэж харуулах гэсэн “тархи угаасан” үйл ажиллагаа их явсан. Мөрдөн байцаалтын явцад байцаагчийн зүгээс бидэнд мөрдөн байцаалтын үйл явцыг нийтэд дэлгэхгүй байх, мөрдөн байцаалтын нууцыг чандлан сахих үүрэг, амлалт авхуулж байсан. Тэгтэл мөрдөн байцаалтын явцад энэ хэргийг илтэд мушгин гуйвуулсан мэдээлэл цахим сайтуудаар явлаа. Энэ асуудалд АТГ-ын зүгээс хариу арга хэмжээ аваагүй. Бид “Илтэд хэргийн мөрдөн шалгах явцтай холбогдуулан хэргийг гуйвуулсан зүйл гараад байна. Үүнийг тогтоож өгөөч ээ” гэсэн хүсэлт тавихад ямар ч арга хэмжээ аваагүй.

Дээрээс нь хэргийг шүүхэд шилжүүлэх явдал хууль зөрчиж байна. Олон хуудас хавтаст хэрэгтэй танилцуулалгүй шууд л прокурор нэг өдрийн дотор шүүхэд шилжүүллээ. Би шүүх хуралдаанд хүсэлт гаргах гээд чадсангүй. Уг хүсэлтэд хэвлэл мэдээлэлд нээлттэй шүүх хуралдааныг явуулж өгөхийг хүссэн. Яагаад гэхээр шүүхийн шийдвэр гараагүй байхад намайг гэм буруутай гэсэн ойлголт төрүүлэхүйц “тархи угаах” үйл ажиллагаа явсан. Би үндсэн хуулиар шударга шүүхээр шүүлгэх эрхтэй, хүсэлтэй байна. Шүүх хуралдааныг нээлттэй болговол их сайн байна. Тэгж байж намайг шүүхийн шийдвэр гарахаас өмнө гэмт хэрэгтэн мэтээр ойлгогдох байдлыг няцаах болно. Буруутгаж буй үндэслэлийн тухайд би ямар ч гэм буруутай үйлдэл хийгээгүй” гээд байгаа.

Эх сурвалж: 

5 thoughts on ““Ардчилал”-ын баатар ашиг сонирхлоор шалгагдана гэдэг гунигт үзэгдэл

  1. jinhene olgiorhoh sib dee?.... 2019-02-14 18:58 at 18:58

    odoo ene muusain ardchilagch ner zyysen luibarchidiig Elbegdorjtoi ni hamt ystgabal chohino!edneer yah be?….

    Хариулах
  2. зочин 2019-02-15 10:28 at 10:28

    “Монгол Ардчилал” жинхэнээсээ мөхлөө. Хэн мөхөөв ? Элбэг, Үүл хоёр мөхөөв

    Хариулах
  3. иргэд олон түмэн 2019-02-15 12:57 at 12:57

    Үхсэн элэнцгийн баатар,энүүнээс өөдтэй амьтан бол БАЯРЛАЛАА гэж хэлээд шагналыг буцаагаад өгсөн бол харин ч нэр нүүртэй байх байсан

    Хариулах
  4. Эбагийн баатар 2019-02-15 14:52 at 14:52

    Үнэхээр ардчилалын баатар. Монголд ийм л АРДЧИЛАЛ байгуулах гэж төрсөн улс шүү дээ

    Хариулах
  5. зочин 2019-02-16 10:54 at 10:54

    Бат-үүлээс өөр хүн байсан бол ичээд авах ч үгүй байв, энэ нөхөр тэнэг болохоороо тэмдгийг нь аваад зүүчихсэн. Ичих булчирхай гэж алга даа

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн