“Гол дүрд СПИКЕР” гэсэн гарчиг бүхий далд агуулгатай зурагт хуудас УИХ-ын даргыг огцруулах асуудал эрчимтэй хөндөгдөж байхтай зэрэгцэн олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл дээрхи зурагт хуудас улс төрийн ямар нэг агуулгагүй бөгөөд “Амьгүй биет” хэмээх контемпорари жүжгийн сурталчилгаа байжээ. Контемпорари гэж тодотгосон эл жүжигт ямар ч хүн жүжиглэж дүр бүтээхгүй гэдгээрээ шинэлэг бөгөөд үзэгчдэд хэдийнэ дасал болсон уламжлалт театрын арга барилыг эвдэж этгээд уур амьсгалыг бүрдүүлэх гэнэ.
Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжгийн найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллаж байгаа бол тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд Хөгжмийн livelooping арга барилийг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажиллаж байгаа аж.
“Амьгүй биет” жүжиг 2019 оны 2 сарын 23,24-ний өдрүүдэд Тэди төвийн чанх урд талд байрлах Анкор төвд 15:00, 17:00, 19:00 цагуудаас тоглогдоно. Нэн шинэ үеийн урлагийн бүтээлчид энэхүү жүжгээрээ дуу чимээний бохирдол хэмээх 21-р зууны тахал хүмүүст төдийгүй тэжээвэр болон ан амьтад, байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг “урлагийн хэлээр” хүргэхийг зорьсон гэнэ.
Eagle.mn