Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сар шинийн өмнө хийхээр товлогдсон УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшилсон.
Хурал Шүүгдэгч Н.Батбаярын шинэ өмгөөлөгч авч, хавтаст хэргийн материалыг танилцуулах хүсэлтийн дагуу хойшилсон юм.
Энэ шүүх хурал энэ сарын 15-ны 09:30 цагт товлогджээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын мөнгийг үр ашиггүй зарцуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар ял оноож, яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү шилжүүлсэн байгаа.
Эрүүгийн хуулийн 263 зүйл:
263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
263.1.Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Н.Батбаярын хувьд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, “Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа.