Монгол иргэдийн Энэтхэг улсад эмчилгээ үйлчилгээнд хамрагдах зорилгоор зорчих явдал нэмэгдэж байгаа тул холбогдох байгууллагуудаас дараах мэдээлэл, зөвлөмжийг өгч байна.
НЭГ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, түүний дотор эд, эрхтэн шилжүүлэн суулган зорилгоор Энэтхэг улсыг зорьдог манай иргэдийн дийлэнх нь зорьсон хэргээр бүтээж, эх нутагтаа буцдаг. Гэвч сүүлийн үед зарим эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөн халдвар авах, үрэвсэх, оношийн зөрүү гарах, шинэ онош илэрч, төлөвлөснөөс илүү зардал чирэгдэл үүсэх, визийн ангилал солиулах, хугацаа хэтэрч сунгуулах, торгууль төлөх, Дотоод хэргийн яамны харьяа
Гадаадын иргэдийг бүртгэх албанд зөвшөөрөл хүсэх гэх мэт хүндрэл бэрхшээл гарах болов. Иймд Энэтхэгийн эмнэлэгт хандахын өмнө дотоодын гуравдахь шатлалын эмнэлэг, нарийн мэргэжлийн эмч нартай зөвлөх, хуулийн дагуу эрх, үүрэг нь тодорхойлогдсон зуучлагч байгууллагаар зохих гэрээний үндсэн дээр үйлчлүүлэх, анагаахын болон англи, хинди хэлний мэдлэгтэй орчуулагч, хэлмэрчийн дэмжлэг туслалцааг авах нь дээрх хүндрэл бэрхшээлээс зайлсхийхэд тус дөхөм үзүүлэх болно. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар Энэтхэгийг зорчих тохиолдолд “Эмчилгээний” визийг, урт хугацаатай мэдүүлэх нь визийн ангилал солиулах, хугацааг сунгуулах, виз хэтрүүлсэний торгууль төлөх, хилээр гарах зөвшөөрөл авах гэхчлэн цаг хугацаа алдахаас сэргийлэх болно. Визийн хугацааг хилээр орсноос бус виз олгосон өдрөөс тоолж эхэлдэгийг анзаарах нь визээ хэтрүүлж, өндөр торгууль төлөхөөс мөн сэргийлнэ.
ХОЁР. Энэтхэг улсад Хүний эд эрхтэн шилжүүлэн суулгах тухай хууль (Transplantation of Human Organ and Tissues Act -THO)-ийг 1994 онд баталж, 2009 онд нэмэлт оруулсан байна. Хүний эд, эрхтэнд нүд, нарийн гэдэс, бөөр, элэг, зүрх, уушиг, түрүү булчирхай, шулуун гэдэсний доод хэсэг, арьс, зөөлөн эд багтдаг. Эдгээр эд эрхтнийг хандивлагч (донор), хүлээн авагч( өвчтөн)-ийн хооронд төлбөр тооцоо байх ёсгүй. Эд, эрхтэн шилжүүлэх мэс хагалбарыг шүүхээр баталгаажуулсан, эмнэлгийн шинжилгээнүүдээр нотлогдсон, эрх бүхий байгууллага зөвшөөрсөн нөхцөлд тусгай зөвшөөрөлтэй эмнэлэгт хийдэг байна.
Гадаадын иргэд нутгийн хүнээс эд, эрхтэн авахыг хориглодог, зөвхөн өөрсдийн садан төрөл (ах, эгч, дүү, аав, ээж), эхнэр, нөхрөөс эд, эрхтэн авахыг зөвшөөрдөг. Энэхүү заалтад өвөг эцэг, эмэг эх, ач зээ нар саявтар нэмж хамрагдсан. Эд эрхтнээ бусдад өгөх донор 18 насанд хүрсэн байхыг шаарддаг. Тархи нь үхэжсэн цогсноос эд, эрхтэн авахыг зөвшөөрдөг боловч арилжааны зорилгоор шарил хөндөхийг хориглодог. Төрөл биш хүмүүсийн хооронд эд, эрхтэн худалдах явдлаас сэргийлэхийн тулд Advisory Committee, State Authorization Committee, Verification Committee, Medical Bоard гэдэг эрх бүхий байгууллага болон тухайн улсын ДТГ-аас “Үл татгалзах тухай Гэрчилгээ (Non-Objection Certificate) буюу зохих зөвшөөрөл авахыг шаарддаг.
Уг зөвшөөрлийг авсан тохиолдолд “Mohan Foundation” зэрэг төрийн бус байгууллагад бүртгүүлэн тохирох эд эрхтэн олдохыг хүлээдэг. Өөрсдийн донортой эсвэл тохирох эд эрхтэн олдсон үед Цусны бүлэг тодорхойлох шинжилгээ, Эсийн шинжилгээ, Цусны цагаан бөөм, анти-генийн шинжилгээ, Эд эрхтэн тохирох эсэхийн шинжилгээ гэхчлэн нэлээд хэдэн үзлэг шинжилгээг хийлгэж, ДОХ, халдварт шар, сүрьеэ өвчингүй гэдгийг нотолж, гэр бүлээсээ зөвшөөрөл бичгээр авсан байхыг шаарддаг. Зардал хэмнэх үүднээс эдгээр шинжилгээг эмнэлэгт биш амбулатори болон хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад хийлгэж, тэр хугацаанд гадуур байр түрээсэлдэг тал бас байдаг.
ГУРАВ. Монгол иргэдийн ханддаг томхон эмнэлэгүүдийн талаарх товч мэдээлэл.
-“Фортис” (Fortis Hospital:www.fortishealthcare.com) групп 2001 онд байгуулагдсан, эмнэлгийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлдэг Азид томхонд тооцогддог эмнэлгийн сүлжээ, чадварлаг эмч, мэргэжилтэн, орчин үеийн тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн 260 кабинеттай, 56 салбартай, амбултороор хоногт 3,200 гаруй өвчтөнд үйлчилдэг аж. Төлөөлөгчийн газраа манай улсад 2018 оны 2 дугаар сард нээсэн (Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Монгол Контраст байрны 203 тоот, Утас: 99109978, 80744177, 96062246, Цахим хаяг: fortismongolia@gmail.com.) Тус групп “Интермед”, Улсын Клиникийн Нэгдүгээр Төв Эмнэлэг, Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтарч ажилладаг, Орхон, Дархан-Уул аймгийн ЭМГ-тай хамтарч ажиллах Санамж бичиг 2018 онд байгуулсан. Манай иргэд “Фортис” группын Нойда (Noida) болон Шинэ Дели (Escort Okla), Гургаон (Gurgoan), Чандигарх хотууд дахь салбар эмнэлгүүдэд ханддаг байна.
-“Аполло” эмнэлэг 1983 онд байгуулагдсан, манай улсад Төлөөлөгчийн газар (Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Түшиг төв 501 тоот, Утас: 976 86005775, Цахим хаяг: www.apollohospitals.com.) нь 2014 оны 12 дугаар сард нээгдсэн, эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлдэг, томхон эмнэлэг юм байна. Тус эмнэлэг 120 гаруй улсын 39 сая өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн, 56 салбар, 1,500 гаруй эмийн сан, анхан шатны тусламж үйлчилгээний 100 гаруй кабинет, зүрх, элэг, бөөр, цус , чөмөг шилжүүлэн суулгах мэс засал, нүдний цогц эмчилгээ, согог засал, гоо сайхны төв, теле эмнэлэг, эрүүл ахуйн төвүүдтэй аж.
-Жайпее группийн (Jaypee Healthcare www.jaypeehealthcare.com) эмнэлэг 2008 онд байгуулагдсан, 1,200 ортой гурав дахь шатлалын, нарийн мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээ, түүний дотор хүүхдийн болон насанд хүрэгчдийн элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийгддэг, элэгний хоёр дэлбэн шилжүүлэх, элэг дахин шилжүүлэн суулгах, цусны бүлэг таараагүй хүнд элэг шилжүүлэн суулгах ажилбарт 96 -100 хувийн баталгаа өгдөг байна. Тус эмнэлэг манай Халдвар Судлалын Үндэсний Төвтэй эмнэлгийн болон яаралтай тусламжийн эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болон элэг шилжүүлэн суулгасан өвчтөнд удаан хугацаанд эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэх, хавдрын эмчилгээ, Эх Нялхсын Эрүүл Мэндийн Үндэсний төвтэй хүүхдийн зүрх судас, зүрхний эмгийг эмчлэх талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан аж. Монгол Улс дахь Төлөөлөгчөөр “Medzul Health” зуучлалын төв Төлөөлөгч нь Прадееп Риши, Г.Наранзул. Утас: +91 7838929895 ажилладаг байна.
“Меданта” эмнэлгийг 2009 онд зүрхний мэс заслын их эмч Нареш Трехан Гургаон хотод, 1,600 ортой, зүрх судас, мэдрэл, үе мөч, бөөр, хавдар судлал, мэдээ алдуулалт, нөхөн сэргээх, эрхтэн шилжүүлэн суулгах тасагтай, мэс заслын 45 өрөөтэй байгуулсан байна. Энэтхэгийн эмнэлгийг олон улсад таниулах зорилготой, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гэгддэг уг эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг 4 сартайгаас 70 настай 2,500 гаруй өвчтөнд түүний дотор өөр бүлгийн цустай хүмүүст болон хоёр донороос элэг шилжүүлэн суулгасан аж. Монгол дахь Төлөөлөгчийн газар “Шинэ элэг, Шинэ амьдрал” ТББ. “Макс эмнэлэг” (Max Healthcare) 1985 онд байгуулагдсан, зүрх судас, хэт авиа, мэдрэл, мэдрэлийн мэс засал, үе мөч, гэмтэл, эх барих, гинекологи, хүүхэд, ерөнхий мэс засал, бөөр, дотор, нөхөн сэргээх чиглэлээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг.
МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Консулын газар