Монгол орны зүүн бүсэд шинээр байгуулагдах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд 2016 оноос эхлэн талуудтай хамтран судалгаа хийж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд тодорхой тооны цагаан зээр барьж сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн юм.
Харамсалтай нь, хүзүүвчтэй цагаан зээр хулгайн агнуурт өртсөн тохиолдол гарлаа. Тодруулбал, Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Яхь нуурын байгалийн нөөц газарт Цагаан сарын өмнөхөн ийм хэрэг гарсан байна. Мэргэжилтнүүдийн ярьснаар нэг дор 14 цагаан зээр агнагдсан байсны дотор хүзүүвчтэй зээр байсан бөгөөд ихэнх нь нас бие гүйцсэн ооно байв. Энэ нь хүзүүвчтэй цагаан зээр хулгайн анд өртөж байгаа анхны тохиолдол биш юм. 2017 оны 11 сараас хойш нийт таван зээр хууль бус агнуурт өртсөн байна.
“Олон зуун мянган зээрээс цөөхөн хэдэд нь л хүзүүвч зүүж байгаа. Гэтэл тэр олон зээрээс хүзүүвчтэй цагаан зээр өртөж агнагдаж байна гэдэг нь хууль бус агнуур эрс нэмэгдэж байгаагийн нэг нотолгоо” гэж мэргэжилтнүүд ярьж байна.