УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс ирэх гуравдугаар сарын эхээр ээлжит бус чуулган хуралдана гэсэн мэдээлэл өгөв. Сар шинийн баярын өмнө хаалтаа хийсэн УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган УИХ-ын тухай хуульд зааснаар хавар дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх ёстой ч түүнээс өмнө ээлжит бус чуулган зарлан хуралдуулах юм байна.
Ээлжит бус чуулганы хугацааг УИХ-ын даргын зөвлөл тогтооно. Хаврын чуулганы сүүлийн өдөр УИХ-ын даргын зөвлөлийг хуралдуулсан УИХ-ын дарга Г.Занданшатар “Хаврын чуулганы бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй. УИХ-ын үйл ажиллагаа, дэгийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх шаардлагатай. Мөн Төрийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай болон Татварын багц хуулиудыг хаврын чуулганаар оруулахын тулд хэлэлцүүлэгт бэлдэх хэрэгтэй байна” гэсэн.
Намрын ээлжит чуулганаар УИХ 24 асуудал хэлэлцэх байсан ч хугацаа дуусах үед асуудлынхаа 20 хувийг шийдвэрлэсэн нь ээлжит бус чуулганыг хуралдуулах том шалтгаан болж байгаа бололтой.