М.Энхболдыг УИХ-ын даргаас нь огцруулахаар цагаан сарын өмнө хоёр ч удаа жагсаал зохион байгуулсан “Нэхүүл”-ийн залуусыг төрөөс шагнажээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас  олгодог цаасан ууттай бэлгээ авсан залуус жанжин Сүхбаатарын талбайд зургаа татуулахаа ч мартсангүй.  Цаасан ууттай бэлгээ барьсан тэдний зургийг харсан олон нийтийн сүлжээнийхэн “Нэхүүл”-ийнхэн нэгэнтээ жагсаалынхаа цалинг хүртжээ хэмээн ёжлож байна.

Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлж, мэдээлэлд ойр нэрээр албан тушаалаа урвуулан ЖДҮХС-аас тэрбум, тэрбумаар нь зээл авсан УИХ-ын гишүүдтэй тэмцэхээ илэрхийлж байсан “Нэхүүл”-ийнхэн сүүлдээ  М.Энхболдыг спикерээс нь буулгахын тулд нэлээд тэмцэл явуулсан.

Тэмцэл ч тодорхой хэмжээгээр үр дүнгээ ч өгсөн биз.  УИХ-ын нэр бүхий таван гишүүний удирдамжаар хоёр удаа зохион байгуулсан жагсаалуудад “Нэхүүл”-ийнхэн идэвх зүтгэлтэй оролцсоныг ийнхүү төр засгаас “өндрөөр” үнэлсэн нь энэ аж.

Жагсаал, тэмцэлийн үр дүнд Л.Оюун-Эрдэнэ ч Засгийн газрын гал тогоог хариуцаж, Г.Занданшатарын суудлыг авсан. Жагсаалд хар шилээр гангарч ирсэн Г.Занданшатар ч суудал ахиж, спикер болсон гэвэл шат шатандаа л бялуугаа хүртэж, бялуугаа ч хүртээж байх шиг.

Хэдийгээр монголчууд бэлгийн морины шүдийг татдаггүй  гэдэг ч  ямар ч байсан хөхөө өвлийн хүйтэнд хөлөө хөлдтөл жагссаныхаа цалингаа авч, шагналаа хүртсэн бол яамай даа, “Нэхүүл”-ийнхэн.  Харин Л.Оюун-Эрдэнийн “шударга ёс”-нд итгэж  гэрийн сугалаанд оролцохын тулд жагссан иргэд  хоосон гуяа ганзаглаад  буцсан нь  худлаа биш билээ.

Эх сурвалж: news.mn

By updown

2 thoughts on ““Нэхүүл”-ийнхнийг төр засаг “өндрөөр” үнэлжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн