Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна” гэж заасан.
УИХ-ын чуулганы 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс товлон зарлаж, нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тогтоох тухай УИХ-ын тогтоолыг баталсан.
Тиймээс төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвших бол 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий албан тушаалтандаа гаргасан байх шаардлагатай юм.