Сингапур

Сингапурын оршин суугчид шинэ оныг долоо хоногийн туршид тэмдэглэдэг. Арслангийн хот дахь Арслангийн бүжиг нь Ниан хэмээх мангасыг дарсан эртний домогтой холбоотой аж. Тэр мангас нь хавар сэрж, дайралдсан хүн амьтан, мал сүргийг иддэг байж. Гэвч нэг удаа хүмүүс мангасыг зайлуулахаар шийэж, хулс, цаасаар арслангийн дүрс хийж, мангасыг нэгмөсөн хөөсөн байна. Түүнээс хойш цагаан сараар арслангийн бүжиг хийх болжээ.

Цагаан сар буюу Чуньзе нь сингапурчуудын хамгийн их хүлээдэг баяр аж. Гудамж дүүрэн баярын гэрэлтүүлэг асааж, галын наадам хийж, муу ёрын сүнсийг зайлуулах дарин залаа чад пад хийн дэлбэрнэ. Уламжлал ёсоор ойрын болон холын хамаатнууд нэгэн дор цугладаг. Баярын өдөр гэрийг уламжлалт дэнлүү, тууз, кумкватны мөчрөөр чимэглэх бөгөөд чимэглэсэн ургамлын тод шар жимс нь хангалуун амьдралын бэлгэ тэмдэг гэж тооцогддог байна. Ширээн дээр спринг-ролл хэмээх төрөл бүрийн зууш, загас, уураар болгосон хоол, хан боргоцойн бялуу, кокосын жигнэмэг зэрэг хоол, амттан тавьдаг. Уламжлалт шинэ жилийн зан заншил ёсоор юшенг салатыг хамтдаа идэх бөгөөд аз жаргал авч ирдэг гэж итгэдэг байна.

Харин гудамжинд хүмүүс жүрж солилцдог бөгөөд энэ жүрж нь амжилт, аз жаргалыг авчирдаг гэж үздэг байна. Мөн тусгай зориулалтын “улаан дугтуй” бэлтгэн дугтуйнд мөнгө хийж, хүүхдүүд, залуу хамаатан садан, хөгшин хүмүүст өгдөг ажээ.

Япон

Япончууд дорны уламжлалаар цагаан сар тэмдэглэдэг боловч баярын өдрийг билгийн тооллоор тогтоодоггүйгээрээ Азийн бусад орноос ялгаатай. 1873 оноос хойш Японд сарны тооллоор Цагаан сар тэмдэглэх заншлыг халжээ. Тиймээс өдгөө жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд Цагаан сараа хийж, шинэ оноо угтдаг болжээ.

Цагаан сарын өмнө Японы шуудангуудын ачаалал эрс нэмэгддэг. Учир нь, шинэ оны баяр хүргэн мэндчилгээ, ил захидал илгээх нь Цагаан сарын хамгийн түгээмэл уламжлалын нэг юм. Тиймээс шуудангууд энэ үеэр цагаар ажиллах шууданчийг олноор нь авч ажиллуулдаг байна. Зөвхөн гэр бүлд нь уй гашуу тохиолдсон хүмүүс л ил захидал явуулдаггүй. Мэдээж, ил захидлын зураг чимэглэл нь тухайн онд гарч буй 12 жилийн амьтных байдаг.

Япончууд Хятадтай адил хүүхдүүддээ дугтуйтай бэлэг өгдөг. Энэ заншлыг “отошидама” гэж нэрлэдэг байна. Японы цагаан сарын зоогийн хүндэт идээ нь будааны бялуу юм.

Мочи гэж нэрлэдэг будааны бялууг оны сүүлчийн өдөр бэлтгэж хийгээд оны эхний өдөр гэр бүлээрээ зооглодог ёстой. Мочиг эртнээс алдартай мотигомэ сортын, цавуулаг цагаан будааны нухшаар хийдэг. Үүнийг жилийн турш иддэг ч Цагаан сарын өмнө эрэлт нь эрс ихэсдэг аж. Энэ зоогийг бурхан шүтээндээ өргөхөөс гадна төрөл төрөгсөд болон хөршүүддээ түгээдэг. Мочиг идсэн хүн бурхны буян хишгийг хүртсэнд тооцогддог байна. Япончууд шинэ он эхлэхэд бүх зүйл шинээр эхэлж байна гэж үздэг ард түмэн. Тийм ч учраас, анхны нар, анхны инээмсэглэл, анхны захидал гээд шинэ оны эхний өдрийн үйл бүхнийг бэлгэддэг гэнэ.

Вьетнам

Вьетнамд цагаан сарыг өргөн тэмдэглэдэг бөгөөд энэ баярыг Tэт гэж нэрлэдэг. Тэт ойртоход бүх зүйл баяр хөөрөөр дүүрэх бөгөөд билэгдлийн зан үйл нь давамгайлдаг ажээ. Цагаан сарын өмнө гэр орноо нямбайлан цэвэрлэдэг. Вьетнамын хувьд шинэ жилийн модны үүргийг хашаанд ургадаг хулс мод гүйцэтгэдэг аж. Хулсны их биеийг улаан цаасаар чимэглэдэг бөгөөд энэ нь хөгжил цэцэглэл, хангалуун амьдралын билэг тэмдэг билээ.

Тэт нь бас цэцгийн баяр юм. Цэцэг зардаг захад машинаар ирэхийг хориглодог. Хамгийн их баярын цэцэг бол матчой буюу нарны цэцэг юм. Дорнын мэргэн ухааны дагуу эдгээр цэцэгний тоо нь дэлхий дээр байгаа хүмүүсийн тоотой адил байх ёстой аж.

Вьетнам айлд Монголтой адил авдар бий. Энэ авдарт хүндэтгэлийн идээгээ таван төрлийн жимсээр засдаг байна. Гол идээ болох цагаан будааны бялууг дөрвөлжин эсвэл цилиндр хэлбэртэй хийгээд гадилын навчаар ороодог. Дөрвөлжин хэлбэр нь жилийн 4 улиралд хүнс өгдөг газар шороондоо талархаж буйн бэлгэ тэмдэг болдог. Цилиндр хэлбэртэй нь тэнгэрийг бэлэгддэг. Ханойд уламжлалт зоогийн ширээнд гурилтай шөл, гахайн хатаасан арьсны шөл, чанасан будаа, тахиа, гахайн элэгний нухаш, дарсан загас багтдаг. Хятадтай адил айлууд нь хөлсний бүжигчдийг гэртээ урьж, луугийн бүжиг үйлддэг. Вьетнамчууд цагаан сараар ус ихээр худалдан авдаг. Учир нь, мөнгө ус шиг урсан орж ирэхийг бэлгэддэг байна.

Баярын чимэглэл нь улаан, шар өнгө давамгайлдаг ба баярын өдрүүдэд эмэгтэйчүүд улаан, шар цэцэгтэй хувцас, эрэгтэйчүүд бүгд хар хувцас өмсдөг.

Шөнө дунд, 12 цагт хүүхдүүд, ач зээ нар нь эмээ, өвөө, эцэг эхдээ урт насалж, эрүүл мэнд, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөдөг байна. Энэ цагийг “Зяо Тхыа” буюу “цаг хугацааны уулзалт” гэсэн утгатай нэрээр нэрлэдэг ажээ. 70-аас дээш настай хүнтэй цагаан сарыг угтах нь нэр хүндтэй гэж үздэг байна. Дараа нь хүүхдэд ерөөл тавьж, мөнгө өгдөг аж. Мөнгө нь шинэ дэвсгэрт эсвэл шинэ зоосон мөнгө байх ёстой бөгөөд улаан цаасан уут буюу улаан зангилаатай саванд хийсэн байна.

Солонгос

Өмнөд Солонгост Цагаан сарыг Солнал хэмээн нэрлэдэг. Солонгосын зурхайн тоолол Хятадтай таардаг учир энэ хоёр улс цагаан сараа нэг өдөр тэмдэглэдэг. Солонгосын Цагаан сар гурван хоног үргэлжилдэг. Цагаан сарын өдөр өнгө өнгийн хамбуг өмссөн хүмүүс аав ээж, дотны хүмүүстээ зочлон золгодог. Харин ахмад настнууд нь үүний хариуд хүүхдүүдэд чихэр, мөнгө бэлэглэдэг аж. Мөн залуу хүмүүс хоорондоо мөргөж, мөнгө авах биш, харин бэлтгэсэн сонирхолтой бэлэг солилцоно.

Цагаан сарын гол зоог нь Японтой адил будааны бялуу байдаг. Онцлог нь, будааны бялуугаа шөлтэй хамт иддэг. Айл бүр билгийн тооллын шинэ жилдээ тток /гурилтай шөл/, гаретток хэмээх шарсан махыг заавал хийдэг уламжлалтай. Мөн жимс, загасаар ширээгээ чимэхээс гадна банш болон токкук гэдэг шөлөөр зочдоо заавал дайлдаг байна. Токкукыг ууснаар нэг нас нэмэгдэнэ хэмээн үздэг. Солонгосчууд Цагаан сараар гэр бүлээрээ олон төрлийн уламжлалт тоглоом наадгай тоглодог. Жишээ нь цаасан шувуу, дүүжин, “зөөгч” гэх мэт.

Орон сууцыг тахианы болон барын зургуудаар чимэглэх нь муу ёроос хамгаалж, сайн сайхан байдлыг татна гэж үздэг байна. Бас нэг өвөрмөц онцлог бол солонгос хүний насыг төрсөн өдрөөр нь биш, цагаан сараар нэмдэг гэнэ.

Филиппин

Филиппинчүүд Цагаан сараар гэр бүлийнхэнтэйгээ эвтэй, найртай байж орон гэрээ цэвэрлэдэг. Улаан дугтуйнд мөнгө хийж бэлтгэн, ирсэн зочдыг таваг дүүрэн идээ будаагаар дайлдаг байна. Мөн Хятадын уламжлалт луут бүжгийг хийж, парад зохион байгуулдаг.

Хятад

Хагас сар үргэлжилдэг баярын өмнөх өдөр гэр бүл бүхэн гэрээ цэвэрлэх ёстой бөгөөд ингэснээрээ саад тотгорыг арилгаж, аз жаргалыг авчрах болно гэдэгт итгэдэг байна. Нутаг бүрт өөр өөрөөр тэмдэглэдэг боловч баярын өмнөх орой муу ёрын ад зэтгэрийг үлдэн хөөхийг бэлгэдэн бөмбөр нүдэж, галын наадам зохион байгуулах нь элбэг. Цагаан сарын эхний өдөр гэрийнхээ ойр орчимд хогийн сав, шүүр зэргийг байлгахыг ч цээрлэдэг. Цэвэрлэж ариутгасан гэрээ улаан өнгийн цаасан хайчилбараар чимэх нь цагаан сарын салшгүй нэг хэсэг. Эдгээр хайчилбар дээр хятад ханзаар “аз жаргал”, “баялаг”, “урт удаан амьдрал” зэрэг бэлгэтэй үгсийг бичсэн байдаг юм.

Баярын өдрийн өглөө эрт хүүхдүүд нь эцэг эхдээ баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэн ерөөнө. Хариуд нь улаан дугтуйтай мөнгө бэлгэнд авцгаана. Үүний дараа бүх гэр бүлээрээ хамаатан садан, хөршүүддээ баяр хүргэхээр зочилно.

Дундад улсынхан хос бэлэг өгдөг заншилтай бөгөөд энэ нь эв нэгдэл, гэр бүлийн аз жаргалыг илэрхийлнэ гэж үздэг ажээ. Гэхдээ хятадууд дөрвийн тоо нь үхэлтэй холбоотой учир дөрвөн бэлэг өгөхийг цээрлэдэг. Үүнээс гадна айлчлал хийхээр ирсэн хосууд хоёр жүрж бэлэглэж, явахдаа хоёр жүрж бэлгэнд авна. Жүрж нь санхүүгийн сайн сайхан байдлын бэлэг тэмдэг учир ийнхүү солилцох нь аз жаргалыг бэлэгдэж байгаа хэрэг юм.

Энэ өдрийн зоогонд гахай, нугас, тахиа, загасны махаар амттай хоол бэлтгэж, хажуугаар нь амттанаар ширээгээ дүүргэдэг. Хооллосныхоо дараа хашаандаа салют буудуулж, ойролцоох сүм хийдэд очиж мөргөдөг байна. Цагаан сарын эхний өдөр олон айл махаар хийсэн хүнс хоол идэхээс татгалздаг. Түүнчлэн шинийн нэгэнд хутга харшилдуулахыг цээрлэдэг учир бүх хоол хүнсээ урьдчилан бэлтгэдэг.

Харин шинийн хоёрны өдөр айлын бэр болоод явсан охидууд төрсөн гэртээ очдог ёстой. Мөн өвөг дээдэс, бурхан шүтээндээ өргөл өргөдөг. Хятадууд бүх нохой шинийн хоёрны өдөр төрсөн гэж үзэн энэ өдөр нохой хооллодог. Түүнчлэн энэ өдөр шинэ бизнес, ажил төрлөө эхэлбэл ашиг орлого их олох сайн гэж үздэг. Шинийн тавныг эд баялгийн бурхны төрсөн өдөр гэж үздэг учир урьдаас бэлтгэсэн баншаа жигнэн зооглоно.

Уламжлалт бүжиг нь арслангийн бүжиг, луугийн бүжиг.

Тайланд

Тайландын билгийн тооллын шинэ жил Камбожтай адил дөрөвдүгээр сарын дундуур болдог. Ургацаа хурааж, дууссаны дараа тэмдэглэдэг энэ баяраа тэд Сонгкран гэж нэрлэдэг.

Тайландын хүн амын 15 орчим хувийг Хятад үндэстэн эзэлдэг. Тиймээс тус улс нийтийн, билгийн болон тай тооллоор гээд гурван удаа шинэ жил тэмдэглэдэг. Билгийн тооллын хаврын баяраар бие биедээ арвин ургац хураахыг ерөөгөөд, хятад уламжлалын дагуу идээ шүүс бэлтгэн тэмдэглэдэг байна.

Малайз

Хятад шиг шинэ оны эхний өдрийг гэр бүлтэйгээ хамт өнгөрөөдөг. Хоёр дахв өдрөөс эхлэн айл хэсдэг. Харин Малайз хүний хувьд энэ өдөр хаалгыг онгорхой байлгах нь онцгой юм. Зочдыг баяр наадамд оролцохыг урьж, арьсны өнгө, шашин шүтлэгээс үл хамааран «Gong Xi Fa Choi»-ийг хүсдэг. Гадаадынхан «Gong Xi Fa Choi» гэдэг нь “Шинэ оны баярын мэнд хүргэе!” гэсэн утгатай гэж боддог бол үнэндээ энэ нь ирэх жил хөгжин дэвшээрэй гэсэн үг аж.

Хятадтай адил хүүхдүүдэд улаан дугтуйтай мөнгө өгөх боловч дугтуйны нэр нь өөр байна. Хятадад Hong Bao, Малайзад Ang Pow гэж нэрлэдэг.

Малайзын хятадын дуртай амтат зууш – yee sang нь тухайн жилдээ аз тохиохыг бэлгэддэг ажээ. Зууш өгсний дараа гэрийн эзэн хундаганы үг хэлээд дуусангуут савхаараа зуушнаас авч аль болох өндөр шидээд барьж авна. Хэчнээн өндөр шидэх тусам энэ жилийн амжилт төдий чинээ өндөр байна гэсэн үг.

Шинэ оны эхний өдөр арслан бүжиг, луугийн бүжиг газар болгон хийнэ. Үүнээс гадна орчин үеийн байдалд хувиргасан эртний жүжигчилсэн тоглолт, акробатын үзүүлбэрүүд үзүүлэх бөгөөд газар сайгүй яармаг нээгдэж ажиллана.

Түвд

Цагаан сарыг манайхтай хамгийн төстэй тэмдэглэдэг улс бол Түвд. Түвдүүд билгийн тооллын шинийн 1-нд Лосар гэдэг баярыг тэмдэглэдэг. “Ло” гэдэг нь жил, “Сар” гэдэг нь шинэ гэсэн утгатай. Хятадын нэг мужийн хувьд Цагаан сар тус улстай адил 15 хоног үргэлжилнэ.

Эрт үед Цагаан сарыг тоорын мод цэцэглэх намар цагт тэмдэглэдэг байсан гэдэг. Түвдүүд Цагаан сараар архи дарс уудаггүй, харин манай айрагтай төстэй ундаагаар зочноо дайлна. Энэ баярын гол идээ нь цагаан будаа, давс, найман төрлийн орцтой хатаасан бяслаг, гурилтай шөл гэнэ. Харин хүндтэй идээ нь гутук гэдэг олон зүйлийн орц найрлагаас бүрдсэн гоймон аж.

Түвдийн Цагаан сарын нэг онцлог уламжлал нь зуурсан гурил дотор халуун ногоо, давс, ноос, будаа, нүүрс зэргийг нууж, хүмүүс түүнийг нь олдог байна. Олсон хүн ирэх онд аз хийморьтой байна гэж үздэг бол дотор нь нүүрс хийсэн гурил авбал муугийн ёр гэлцдэг. Харин халуун ногоотой гурил байвал ирэх ондоо их ярих нь гэж үздэг байна.

ОХУ-ын Халимаг, Буриад, Тува, Хакаси, Алтайн хязгаарт шинэ он буюу Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн