“Эрдэнэс Тавантолгой” компани ажилчдынхаа урамшууллын цалинг өнөөдрийг хүртэл олгоогүй байна. Өнгөрсөн жил тус компанийн 203 ажилтан Ти Ти Жи Ви Си Өү компанид түр шилжин ажиллажээ. Энэ хугацаан дахь урамшууллын цалинг уг компаниас шилжүүлсэн гэдгээ албан бичгээр мэдэгдсэн байна. Үүнээс гадна өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг тодорхой шалтгаангүйгээр зогсоосон нь жолоочид сул зогсолт хийх болжээ. Энэ асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос компанийхаа гүйцэтгэх захирал Д.Ариунболдод шаардлага хүргүүлжээ. Тэд ажилчдын урамшууллын цалинг олгохоос гадна жолооч нарын сул зогсолтын цалинг нөхөн олгохыг шаардаж ажилгүй болох эрсдэл байгааг анхааруулж буй юм.