Г.Цагаандарь гэх нэгэн эмэгтэй өнгөрсөн оны есдүгээр сард бөөрний усжилттай болж эмнэлэгт хэвтсэний дараа орон гэргүй болж хоцорсон. Нөхөр нь түүнийг өвчтэй гэдгийг сонсоод хоёр охиноо орхин гэрээ ачаад зугтсанаас хойш тэрбээр хүүхдүүдтэйгээ Толгойтын өртөөгөөр хоног төөрүүлж байхад “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн залуус уулзаж тусламж үзүүлсэн байдаг.
Сайн дурын байгууллагууд түүнд тусламжийн гараа сунгаж өдгөө тэрбээр ажилтай, орон гэртэй болоод байгаа. Г.Цагаандарь өвчнөө эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдөр түүний бяцхан охид өөрийн гэсэн хашаа байшингаа хүлээн авах юм байна. Сайхан сэтгэлт монголчууд маань Г.Цагаандарийн хандивийн дансанд 15 сая гаруй төгрөг цуглуулж, түүнийг орон гэртэй болгож байгаа нь энэ аж. Түүний хашаа байшин, гэрийг өнөөдөр 12:00 цагт хүлээлгэн өгөхөөр болжээ.