Дулааны улирал эхэлж буй энэ өдрүүдэд голын мөс хайлж, цөмрөх аюултай болсон. Архангай аймагт Цахир сумын Тэрхийн голын мөс цөмөрч бага насны 7-5 насны гурван хүүхэд живж, улмаар осгон амиа алдах шахжээ. Энэ сарын 16-нд аймгийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Тэрхийн голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр хэвтэж буй хүүхдүүдийг олж харсанаар амь насыг нь аварчээ.
Ус гатлан очиход долоон настай хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй осголттой зогсож байжээ. Харин дөрвөөс таван насны хоёр хүү голын мөсөн дээр ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь нойтон, хөлдөж, мөсөнд наалдаж осгосон байдалтай хэвтэж байсан аж. У.Баяртогтох нутгийн итргэн Г.Эрдэнэбатын хамт хүүхдүүдэд яаралтай анхан шатны тусламж үзүүлсэн байна.
Хүүхдүүд усанд 40 орчим метр урсаж голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр тогтож байх үеэр 18:00 цагийн орчимд цагдаа ийнхүү таарчээ. Тус сумын хүн эмнэлгийн эмч, сувилагчид шаардлагатай эрчимт эмчилгээг хийж долоон настай хүү С.Цэрэнрандалд анхны тусламж үзүүлж, таван настай хүү Д.Ганхуяг, дөрвөн настай хүү Т.Өсөхбаяр нар эмнэлэгт хүргэгдсэнээс хойш таван цагийн дараа ухаан оржээ.
Одоогоор гурван хүүхдийн биеийн байдал сайжирсан бөгөөд эцэг эх, төрөл садан, Цахир сумын иргэд, төр захиргааны байгууллага хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтохыг өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж гурван хүүхдийн алтан амийг аварсан гавьяат үйлсэд талархал илэрхийллээ.
Цагдаагийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн эрдэнэт хүний алтан амийг аварсан Цахир сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн Цахир сумын иргэн Г.Эрдэнэбат нарт аймгийн Онцгой байдлын газрын хамт олноос талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
7 настай хүү С.Цэрэнрандал