УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.02.02) үдээс өмнөх хуралдаанаар “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуулийг 2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдөр явуулахаар тусгажээ.
Харин Сонгуулийн Ерөнхий хороо болон холбогдох байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нөхөн сонгууль явуулах зардлын хэмжээг 287,614,335 төгрөгөөр тогтлоо.
Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 90 хувь нь дээрх тогтоолын төслүүдийг дэмжиж батлав.