Сөүл хотын нэгэн дүүрэгт сувилагчийн мэргэжилтэй 70 настай А өөрийгөө гоо сайхны мэс засалч эмч хэмээн бусдыг хууран мэхэлж мэс засал хийдэг байсан үйлдлийг илрүүлсэн талаар Mglradio мэдээлжээ. А нь гурван жилийн туршид 1009 хүнд хагалгаа хийн ойролцоогоор 1 тэрбум орчим воны орлого олсон байна.
Тус эмнэлгийн эрхлэгч Шин түүнийг гайхалтай мэс засалч хэмээн өргөмжлөн, ойролцоох халуун усны газар болон хүн их цуглардаг газарт очиж үйлчлүүлэгч нарыг урхидан авчирдаг байж.
Шин нүдний давхраа болон нүүрний хэсгийн хөнгөн заслуудыг А-гаар хийлгүүлж, үйлчлүүлэгч нарт түүнийг хамгийн сайн эмч хэмээн итгүүлж, өөр хүн дагуулж ирэхийг хүсдэг байсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй эмнэлгийн бүртгэлийн дэвтэр дээрээ хагалгааг өөрөө хийсэн хэмээн бичсэн байжээ.
Цагдаагийн газраас Шин болон А-г эмнэл зүйн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр буруутгасан боловч тэдний үйлчлүүлэгч болон ажилчдын зүгээс хэрэгт үндэслэл болох ямар нэг гэрч, нотлох баримт олдоогүйн улмаас хэргийг түдгэлзүүлсэн байна.