УИХ-ын даргад Г.Занданшатарыг дэвшүүлж, МАН-ын бүлгээр хэлэлцэхээр боллоо

2019-01-31 16:36
zandanshatar

МАН-ын дарга У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд тус намын Удирдах зөвлөл УИХ-ын даргад УИХ-ын гишүүн Г.Занданшатарын нэрийг оруулсан. Удирдах зөвлөл асуулт асууж, нэр дэвшигчийн талаар нэлээд ярилцсаны эцэст Г.Занданшатар гишүүнийг нэр дэвшүүлж МАН-ын бүлэгт оруулахаар шийдвэрлэлээ.

Хурлын дараа УИХ-ын гишүүн Г.Занданшатараас “УИХ-ын нэр хүндийг өөд татахын тулд хамгийн түрүүнд юу хийе гэж бодож байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Ер нь ард түмний хүсэмжлэл, нийгмийн шаардлага бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, Үндсэн хууль дахь төрийн хариуцлагын тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох зорилгыг би хамгийн гол гэж бодож байгаа. Ингэж байж УИХ-ын гишүүдийн үүрэг, хариуцлагаас авахуулаад төрийн бүх шатанд, улс төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж ард түмэн, нийгмийн шаардлагыг хэрэгжүүлэх явдал бол төрийн эрх байгууллагын тулгамдаад байгаа хамгийн чухал зорилт. Өөрөөр хэлбэл, төрд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэхийн тулд УИХ төр,г ард иргэдийнхээ санал бодол, хүсэмжлэлд тулгуурлаж ажиллах ёстой” гэсэн хариултыг өглөө.

МАН-ын бүлгийн хурлыг 16:00 цагт товлосон байгаа.