Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд хүүхэд хурдан мориноос унаж, хүнд гэмтэл аван ГССҮТ-д ухаангүй иржээ. “Хүүхэд одоо ухаан ороод эмчлүүлж байгаа” хэмээн Ж.Бямбадорж өнөөдөр ХЭҮК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ хэлсэн юм. Сүхбаатар аймагт мөн энэ сард 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Хурдан морины уралдаан болоогүй. Хүүхэд морины ажлын үеэр унаж нас барсан” гэсэн хачирхалтай тайлбар хийсэн бол ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Морины ажил буюу морь хөлслөх нь хурдан морины уралдааны нэг хэсэг. Хот айл 2-3 аараа нийлж уралддаг. Газар хөлдүү үед хурдан морь уралдах үеэр хүүхэд унавал заавал бэртдэг.
Өвөл хамгаалалтын хэрэгсэл өмсүүлэх боломжгүй, даатгал байдаггүй, төрийн байгуулалт болон олон нийтийн хяналт сул байдаг” хэмээн тайлбарлав. Энэ мэтчилэн хурдан морины уралдаанаас болж хүүхдүүд амиа алдаж, гэмтсээр байгаагийн эсрэг тус комисс сүүлийн 4-5 жил тэмцэхдээ хэвлэл мэдээлллийн байгууллагуудын хамтын хүчээр үр дүнд хүрснийг онцолсон юм.
Тодруулбал, нэгдүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан. Гэвч элдэв овооны наадам, шагнал тэмдэглэх зэрэг нэрийн дор хурдан морины уралдаан зохион байгуулах эрсдэл байгаа тул ХЭҮК аймаг сумдын Засаг дарга болон Цагдаагийн байгууллагуудад шаардлага, мэдэгдэл, зөвлөмж хүргүүлээд байгаа аж. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч соргог байхыг тэрбээр хүссэн юм. Учир нь хүүхэд хохироход ард нь байгаа томчууд хариуцлага хүлээхгүй, шүүхийн байгууллага хариуцлагагүй, бодлогогүй мэт хандаж байгааг шүүмжлэв.
Тухайлбал, өнгөрсөн жил хурдан морины уралдааны үеэр 12 настай хүүхэд унаж нас барахад “Өөрийнхөө морийг унаж байсан, эцэг, эх нь гомдолгүй гэсэн” гэдэг шалтгаанаар шүүхээс хэргийг хаасан. ХҮЭК энэ талаар гомдол гаргахад шүүх нас барсан хүүхдийн эцэгт тэнсэн харгалзах ял шийтгээд л өнгөрсөн байдаг.