Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн засвар шинэчлэлтийн ажил дуусч, өчигдөр (2019.01.29) нээлтээ хийв.
Анх ОХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар 1991 онд ашиглалтад орж байсан тус номын санд засвар үйлчилгээ хийгдээгүй өнөөдрийг хүрсэн учир хүйтэн, гэрэл муутай гэх зэргээр хүн үйлчлүүлэх боломжгүй болоод байсан юм. Уг номын санг засварлан шинэчилж орчин үеийн жишигт хүргэх ажлын зардлыг 2018 оны нийслэлийн төсөвт суулгаснаар өдгөө засвар, шинэчлэлийн ажил дуусч ашиглалтад орлоо.
“Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т номын сангуудыг шинэчлэн засварлах, системийг цахим болгох, номын фондыг шинэчлэх, танхимууд шинээр байгуулах гэсэн заалтууд тусгагдсан байдаг. Энэ заалтууд эхнээсээ хэрэгжээд явж байгаа нь энэ бөгөөд 2018 онд гурван номын санг шинэчлэхээр нийслэлийн төсөвт 500 сая төгрөг суулгасан аж. Энэ ажлын эхлэл болгож Сонгинохайрхан дүүрэг дэх Улаанбаатар хотын Төв номын сангийн салбарыг ийнхүү үүдээ нээлээ.
Уг салбар номын сан нь Өнөр хорооллын 2-р бичил төвд байрладаг. Нэг ээлжиндээ 120 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай, хүүхдийн ба насанд хүрэгчдийн гэсэн хоёр танхимтай, нийт 40 мянга гаруй номын сантай юм байна.