Орон нутагт ноцтой осол гарч, нэг хүүхэд эндэж дөрвөн хүн бэртсэн байна. Тодруулбал, өчигдөр Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн Хуурай-Ам гэдэг газар тээврийн хэрэгслийн осол болсон тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хэргийн газарт ажилласан байна. Осол болсон газар очиход Орхон аймаг-Улаанбаатар хот чиглэлд зорчиж явсан 45 хүний суудалтай 8 зорчигчтой “Даевоо” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, иргэн Б-гийн эзэмшлийн “Соната-6” загварын 5 зорчигчтой /2 том хүн, 3 хүүхэд/ суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.
Ослын улмаас Дорноговь аймгийн Айраг сумын харьяат иргэн Б /25 настай, эрэгтэй/, Д /25 настай, эмэгтэй/, М /4 настай, эмэгтэй/, Л /2 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсан тул Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд, иргэн Б-гийн хүү М /10 сартай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгчээ. Тиймээс иргэдийг орон нутгийг зорих гэж байгаа бол аюулгүй байдлаа хангаж, хурдаа тохируулж явахыг анхааруулж байна.
Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор Улаанбаатар-хөдөө орон нутаг чиглэлийн хөдөлгөөн эрс нэмэгдэх, мөн баяр амралтын өдрүүдэд иргэд гэр бүлийн хамт золгуутаар орон нутгийг чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг ба энэ үед бага насны хүүхдийг хамгаалах хэрэгсэлгүй, буруу тээвэрлэснээс шалтгаалж хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэргүүд өмнө жилүүдэд гарч байсныг бид санах хэрэгтэй. Иймд бага насны хүүхдийг автомашинд тээвэрлэж байгаа л бол хэзээ ч, хаана ч хамаагүй хамгаалалтын суудал, хамгаалах хэрэгсэл хэрэглэж тээвэрлэхийг анхааруулж байна.
1 comment
зам тээврийн салбарыг сайдтай болгохгүй бол цөөхөн монголчуудыг энэ нийтийн тээвэр алаад дуусах нь ээ