Байгаль цаг уур ба монголчуудын байлдан дагуулал

Монголчуудын мандан бадарсан учир шалтгааныг XIII зуунаас өдгөө хүртэл эрдэмтэн судлаачид олон янзаар тайлбарласаар иржээ. XIII зууны үед буюу монголчуудын байлдан дагууллын үед эзлэгдсэн газар орны хүмүүс монголчуудыг эзний буюу бурханы зарлигаар дэлхийг эрхшээж буй гэж ойлгож байсан бололтой.

Учир нь Баруун Европт Ван хааныг анхандаа христийн шашныг мандуулагч Престер Жон мэтээр ойлгож байсан болон “Нум сумтан ард түмний түүх” зэрэг бүтээлд “төрөл бүрийн нүглээрээ бид ертөнцийн эзнийг үргэлжид хилэгнүүлж байгаа билээ. Тийм ч учраас зарлигийг нь эс дагасан тул, эзэн бидэнд сургамж болгон уур хилэнгээ үзүүлж, энэ хүмүүсийг тэтгэн өргөсөн нь энэ ажгуу” хэмээн өгүүлсэн зэргээс тодорхой харагдаж байгаа юм.

Монголчууд өөрсдөө ч мөн адил нь дээд тэнгэр (мөнх тэнгэр)-ийн зарлигаар байлдан дагуулж байна хэмээн ойлгож байсан бололтой. Энэ нь монгол хаадаас бусад улс орны хаадад илгээсэн захидал бичигт тодорхой тусгалаа олсон байх агаад уг захидал нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” хэмээн эхлэх төдийгүй төсгөлд нь “тэнгэр мэдтүгэй” хэмээн сүрдүүлэн өгүүлсэн байдаг нь монголчууд тэнгэрийн зарлигыг уламжилж буй гэсэн санааг илэрхийлж байдаг.

Тухайн үед эзлэгдсэн улс орны хүмүүс болон монголчууд өөрсдөө ч гэсэн монголчуудын байлдан дагуулал дээд тэнгэр эсвэл дээд эзний зарлигаар явагдаж буй хэмээн ойлгож байсныг дундад зуунд шашны үзэл ноёрхож байснаар тайлбарлаж болох юм.

П.Рачневский “ Азийн хамгийн хүчирхэг хийгээд иргэншсэн улсуудыг яаж эзэлж чадав аа гэдэг асуудалтай тулгарч байгаа юм. Хариултыг цэрэг дайны нөхцөл байдлаас хайж, Чингис хааны командлагчийн ур чадвар, Монгол армийн стратеги ба тактик, Монгол цэргийн давуу байдалд зэрэгт хандуулсан. Гэвч эдгээр тайлбарууд нь хангалттай биш байгаа юм” гэжээ.

Үнэхээр ч Монголын байлдан дагууллыг дан ганц цэрэг дайны үйл ажиллагаатай холбон үзэх нь өрөөсгөл ба энэ бүхэн нь Монголчуудын байлдан дагуулал амжилттай явагдсан учир шалтгаан, хүчин зүйлүүдийн зөвхөн нэг нь юм. Тэгвэл эдгээрийн дотроос байгал цаг уур монголчуудын байлдан дагуулалд хэрхэн нөлөөлсөн талаар авч үзье.

Байгалийн хатуу ширүүн уур амьсгалтай бүс нутгаас XIII зууны монголчуудын байлдан дагуулал эхэлж евразийн өргөн уудам нутгийг хамарсан билээ. А.Ж.Тойнби “оршин амьдрах нөхцөл хэцүү байвал иргэншил үүсэхэд түлхэц болдог юм шиг байна” гэж үзжээ. Энэ нь нүүдлийн соёл иргэншилд ч мөн адил нөлөөлдөг бололтой.

Хатуу ширүүн нөхцөлд монгол цэргүүд ямарч байгаль цаг уурын нөхцөлийг даван гарах чадвартай болсон нь гарцаагүй юм. Х.Шагдар монголчуудын байлдан дагуулал ялалтанд хүрсэн шалтгаануудын нэг нь монгол хүний тэсвэр тэвчээр байсан тухай өгүүлжээ.

Тэрээр “өвөлдөө хасах 50, зундаа нэмэх 50 хэм хүрч хүрч хэлбэлздэг эрс тэс уур амьсгал … цаг уурын ямарч бэрхшээлд сөгдөхгүй эрмэг бие, эр зориг өгчээ” хэмээн өгүүлжээ. Үнэхээр ч монголчууд Евразийг дамнасан уудам нутгийг нэгэн захиргаан дор нэгтгэхдээ байгаль цаг уурын ямар ч нөхцөлд байдал тулалдаж явсны томоохон жишээ нь Зэв, Сүбээдэй нарын аян дайн юм. Монголын морьт цэрэг тэсгим өвлөөр Тэнгэр уулыг даван, Кизылкумын цөлийг туулан 8000 миль аялан байлдсан нь дэлхийн түүхнээ гайхагдан үлджээ.

Монголын эзэнт гүрнээр аялсан Марко Поло эзэнт гүрний нутаг дэвсгэрийн уур амьсгалын талаар багагүй зүйл тэмдэглэн үлдээжээ. Түүний тэмдэглэлээс үзвэл монголчуудын байлдан эзэлсэн газар нутаг нь зарим газраа “мал амьтан тэсхүйеэ бэрх хүйтэн”, халуун, бохир бүгчим агаартай хэмээн дурджээ. Энэ нь монголчууд цаг уурын ямар чнөхцөлд аян дайн явуулж байсныг тодорхой харуулж байна.

Байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицох чадвараас гадна хөрш зэргэлдээх улс гүрнүүд рүү довтлоход монголын морьт цэргийн хувьд зайлшгүй шаардлагатай зүйл нь бэлчээр усны асуудал юм. “Ард түмний ахуй амьдрал ямарч тохиолдолд тэдгээрийн нутгийн ландшафт, цаг ууртай холбоотой” хэмээн Л.Н.Гумилев үзжээ.

Үнэхээр ч эртний агуу их соёл иргэншилүүд байгалийн цаг уурын таатай орчин нөхцөлтэй бүсэд үүсэн бүрэлдсэн байдаг. Жишээлвэл Нил мөрний дагуу Египет, Хоёр мөрний дагуу (Тигр, Евфрат) Вавилон, Шар мөрөн, Хөх мөрний дагуу Хятадын соёл иргэншилүүд анх үүсжээ.

Монголын байлдан дагуулал эхлэх үед буюу монголчууд хөрш зэргэлдээ улс орнууд руугаа довтлоход үест монгол орны бэлчээр ус, өвсний гарц сайн байсан тухай баруун Вержиниагийн их сургуулийн модны цагираг судлаач Эми Хессл, Неил Федерсон нар 2010 онд монгол явуулсан модны цагиргын судалгаандаа дурджээ. Эми Хессл, Неил Федерсон нарын судалгаар 1211-1225 оны хооронд Монголд бороо их хэмжээгээр орж, өвсний гарц энгийн үеийнхээс нэмэгдсэн байсан хэмээн өгүүлжээ.

Мөн түүнчлэн Чингис хааны байлдан дагуулал амжилттай явагдсан нь байгал цаг уурын таатай нөхцөлтэй салшгүй холбоотой бөгөөд цаг агаар хуурайлшилтаас чийгшилтэд шилжихэд хэн нэгэн хүн удирдагч тодрон гардаг хэмээн Эми Хессл үзжээ. Сүүлийн 800 жилийн хугацаанд 1211-1230 оны буюу Чингис хааны байлдан дагуулал эхэлсэн үеийнх шиг хур бороо элбэг жил тохиолдоогүй ажээ.

Ийнхүү тал нутагт өвсний гарц ихээр нэмэгдсэн нь монгол морьны шандсаар монголчууд дэлхийг байлдан дагуулах боломжийг олгосон тухай А.Орхонсэлэнгэ “Response of Mongolian Nomads to climate change during the past 800 years: Stochastic proxies for Reconstruction” өгүүлэлдээ дурдсан бөгөөд ингэхдээ нарны идэвхжилтэй холбон тайлбарлажээ. Нарны идэвхжил нь “манай гарагийн нэг эст нян, хүн амьтан ургамал, түүний толгой, үржил хөгжил, өвчин тахал, ган, зуд хямрал цэцэглэлтэнд нөлөөлдөг” хэмээн оросын физикч, түүхч А.Л.Чижевский үзсэн байдаг.

Монголын байлдан дагуулалд байгаль цаг уурын нөлөө байсан нь гарцаагүй бөгөөд монгол цэрэг тэр дундаа монгол морь нь намар, өвлийн улиралд тулалдах боломж бололцоо нь хамгийн өндөр байсан бололтой. Учир юу хэмээвээс монголчуудын хийсэн аян дайнуудын ихэнх нь намар өвлийн улиралд явагдсан байдаг.

Жишээлвэл 1204 (хулгана жил) оны намар Чингис хаан Найманы Таян ханыг дайлсан бол 1207 (луу жил) оны өвөл Хүчлүг, Мэргэдийн Тогта бэхи нарыг дайлсан байна. 1210 (морь жил) оны намар Тангудыг дайлаар мордсон байна. 1219 (туулай жил) оны зун Чингис хаан эрчис мөрний хөндийд зусаад намар нь цааш одож замдаа таарсан хот балгадын эзлэн явжээ. Чингис хаан хамгийн сүүлчийн аян дайнаа мөн л 1226 (нохой жил) оны намар явуулсан байдаг. Эдгээр аян дайнууд бүгд нь ямарваа нэгэн байдлаар амжилттай явагдаж байсан юм.

Хэдийгээр намар, өвлийн цагт аян дайнд мордож буйн цаад шалтгаан нь зундаа агт морьдоо таргалуулж, дайны бэлтгэл базаадаг явдалтай холбоотой боловч халууны улирал болон өвс тэжээл дутмаг нөхцөлд монголчуудад тулалдахад ихээхэн хүндрэлтэй байсан бололтой.

Д.Морган, Ж.Смит нар монголчууд Сириг эзлэж чадаагүйн цаад учир шалтгааныг бэлчээр усны хомсдолтой холбон тайлбарласан байдаг. Монголчуудын байлдааны гол тактик нь цөөнөөр олны ялах хэмээн Х.Шагдар үзсэн байна. Цөөнөөр олныг ялах гол арга нь монгол цэргийн маневрлах, хурдан гавшгай байдал юм. Ийнхүү хурдан гавшгай довтлоход морьдоо тарга тэвээрэг сайтар авахуулж, тэсвэр тэвчээтэй болгох нь зүйн хэрэг юм. Агт морьдоо хайрлан тарга тэвээрэг алдагдуулахгүй байх нь ямар чухал болох нь 1205 онд Сүбээдэй баатар Тогтагийн хөвгүүдийг нэхэхээр одоход Чингис хаан:

“Өндөр даваа давуулж

Өргөн мөрөн гэтлүүлж

Илгээв, чамайг.

Газрын холыг бодож, цэргийн улаа морьдыг тураагүйд нь хайрлагтун” хэмээн өгүүлсэн байдгаас тодорхой харагдана.

Салих Закиров өгүүлэхдээ 1335 онд ил хан Абу саидыг нас барсны дараагаар Алтан орд улсын хаан Узбек ил хаант улсын нутагт цөмрөн орсон бөгөөд “энэ удаад байгалийн саад бэрхшээл Зүчийнхний дайны замыг хааж аймшигт ган, хуурайшилт болсон” хэмээн нэр нь үл мэдэгдэх Перс түүхчээс иш татан өгүүлсэн байдаг.

Мөн Рүмд цэргээ аван орж ирсэн Абага хаан зун эхэлсэн учир Сири үрүү довтлоогүй бөгөөд үүний цаад учир нь Абага хааны “агт морьдын ихэнх нь харангадаж үхсэнтэй холбоотой байсан” гэсэн Ибн Шаддадын мэдээг Рювен Амитай-Пресс бага зэрэг хэтрүүлэгтэй байж болно хэмээн үзсэн боловч “зуны улирлын хүчтэй тулалдаан, тэжээл усны гачигдал зэргээс Монголчуудын агт морьд туйлдаж ийм байдалд хүрсэн нь үнэн” хэмээн дүгнэсэн байна.

Монголчууд Сириг эзлэхийн тулд хүссэн хэмжээгээрээ цэрэг оруулах боломжгүй байсан бөгөөд энэ нь ялагдлын шалтгаан болсон хэмээн дээрх судлаачид үзэж байна. Смит өөрийн үзлээ бататгахын тулд 1299 онд монголчууд Вади аль-Казнадард мамлюкуудыг ялсан авч түүнийхээ дараа цэргийнхээ ихэнхийг Сириэс даруй татсаныг иш татсан байна. Сирид монголын агт морьдод хүрэлцэхүйц бэлчээр байгаагүйн томоохон нотолгоо нь Айн Жалутын тулалдааны өмнө Хэтбуха жанжин “морьдоо бэлчээрээр тэжээх зорилгоор Сири даяар тархсан цэргүүдээ цуглуулан өмнө зүг хөдөлсөн” явдал юм.

Тухайн үед Хэтбуха 10000-12000 цэрэгтэй байсан хэмээн судлаачид үздэг. Ийм хэмжээний цэргийн агтыг хангахуйц бэлчээр ус Сирид байгаагүй нь үүнээс тодорхой харагдаж буй бөгөөд Монголчууд хангалттай хэмжээний цэргийг Сирид оруулах боломжгүй байжээ гэж үзэж болохоор санагдаж байна. Гэвч энэ бол монголчууд Сириг эзэлж чадаагүйн цаад учир шалтгаануудын зөвхөн нэг нь гэдгийг мартаж болохгүй юм.

Дан ганц морьд ч бус монгол цэргүүдэд таатай бус цаг агаарын нөхцөл нь тулалдахад ихээхэн хүндрэл учруулж тэр ч бүү хэл үхэлд хүргэж байжээ.1211 онд Чингис хаан Алтан улсыг дайлах үест “монгол цэргүүд газар ус тохирохгүй өвчин туссан” хэмээн Алтан улсын чинсан Ваньян эзэн хаандаа айлтгасан тухай “Богд Чингис хааны байлдааны бичиг”-т өгүүлжээ.

Мөн түүнчлэн Чингис хааны цэрэг Желал ал-Диныг нэхэх үед “тэнгэрийн улирал халуун тул сэрүүний улирлыг хүлээн суусан” бөгөөд “урагшлан явсугай хэмээвч энэ үед болбоос, зуны улирал орж, Энэтхэг газар маш халуун тул хүний амьсгал бачимдан цэрэг эрчүүд цөм бэрхшээж” байжээ.

Мөн Мултан хотыг эзлэх үед их халуун болж Дөрбэй догшин тэнд байх боломжгүй болсон тухай Жувейни мэдээлдэг. Түүгээр ч барахгүй Чингис хааны цэрэг Буя-Катурт байхад “цаг агаарын зохисгүй нөлөөнөөс болж цэргүүд өвчин туссан” тухай дурдсан байдаг. Судрын чуулганд Мөнх хаан сүүлчийн аян дайнаа нанхиадын зүг хийхэд “ялзарсан агаарын уршгаар холер (булчин задрах) өвчин цэргийн дотор тархаж Мөнх хаан ч өвчилж таалал төгсжээ” хэмээн өгүүлснээс гадна Урианхадай жанжины гурван түмэн цэрэг ялзармал муу агаараас болж өвчилж “ердөө л таван мянгаас хэтрэхгүй болсон” тухай дурдсан байна.

Түүгээр ч барахгүй Чингис хааны үхлийг шалтгааныг цаг уурын байдалтай холбон зарим сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг. Жишээлвэл: Жувейни “түүнд эдгэшгүй өвчин туслаа. Энэ өвчний шалтгаан нь уур амьсгалын зохисгүй нөлөө байв” гэж мэдээлдэг. П.Рачневский цаг агаарын зохимжгүй байдлаас чингис хааны биеийн байдал муудсан хэмээн үзсэн бөгөөд “уг өвчнийг халуун хумхаа байсан хэмээн Абул Фараж мэдэгддэг” хэмээн дурджээ. Үүнээс үзэхэд монгол цэргүүд дайн ганц дайсны цэрэгтэй бус харь орны байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлтэй тэмцэж явсан байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

One thought on “Байгаль цаг уур ба монголчуудын байлдан дагуулал

  1. Бурханы хүүү 2019-01-30 15:13 at 15:13

    энэ бол Монголчуудын шүтдэг Тэнгэр гэж нэрлэгддэг цор ганц амьд Бурханы хүчээр хийгдэн ялалт авчирсан дайн. Цаг агаарыг ч Тэнгэр Бурхан тохируулан зассан болмой.

    Хариулах

Бурханы хүүү-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн