Бидний өдөр тутам уух дуртай кофе мөхлийн ирмэгт ирээд байгаа тухай BBC мэдээлллээ. Дэлхий дээр нийт 124 төрлийн кофены төрөл зүйл байдгаас 60 хувийнх нь түүхий эд устах аюулд оржээ. Хүн төрөлхтөн үндсэн хоёр төрлийн кофег хэрэглэдэг гэж хэлж болно. Нэг нь таримал, харин нөгөөх нь үйлдвэрийн аргаар гаргаж авсан. Үүнээс 100 орчим нэр төрлийн кофены түүхий эд зэрлэг байгаль дээр ургадаг юм.
Тэгвэл дэлхийн кофены тариалалтыг тогтвортой байлгахын тулд байгаль дээр өөрөө ургадаг зэрлэг кофены нөөц маш чухал хэмээн кофе судлаачид хэлж байна. Харамсалтай нь байгаль дээр өөрөө ургадаг кофены дэлхийн нийт нөөцийн талаас илүү хувь нь хэдэн жилийн дараа ор мөргүй устаж үгүй болоход гайхах зүйлгүй болжээ. Энэ нь мэдээж дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлттэй шууд холбоотой аж.
Зөвхөн кофены ургамал төдийгүй дэлхийн онгон байгальд ургадаг нийт ургамлын тавны нэг хувь нь ирээдүйд устаж алга болно гэдгийг ч судлаачид эртнээс сануулж байгаа юм. “Хэрвээ онгон байгаль дээрх кофе энэ маягаараа устаж үгүй болвол хүн төрөлхтөн цаашид амттай, оригиналь кофе уух талаар мөрөөдөөд ч хэрэггүй болно” хэмээн Английн Хатан хааны нэрэмжит ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Аарон Дэвис BBC-ийн сэтгүүлчид ярьжээ. Хэрэв түүний ярьсан үнэн бол хэсэг хугацааны дараа хүмүүс бид зөвхөн үйлдвэрийн аргаар гаргаж авсан хулхи кофе л ууж суух нь бололтой.
Эх сурвалж: BBC