АНУ-ын Хууль зүйн яам өчигдөр (2019.01.28) БНХАУ-ын технологийн томоохон компани “Huawei” болон түүний санхүү хариуцсан захирал Мэн Ванжоутай хариуцлага тооцож, ял онооно гэж мэдэгдэв. Мэн Ванжоу Канад Улсад баривчлагдсан бөгөөд түүнийг АНУ-ын Ираны эсрэг хориг арга хэмжээг зөрчсөн гэж буруутгасан бол “Huawei” компанийн талаар гар утас хэрэглэгчдийнхээ мэдээллийг тагнаж Хятадын Засгийн газарт мэдээлдэг гэсэн шуугиан дэгдээд байсан юм.
Мөн АНУ ухаалаг утас үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт ордог “Huawei” компанийг олон улсын банкнуудыг хуурч мэхэлсэн, мөнгө угаасан, технологи хулгайлсан, хориг арга хэмжээг зөрчсөн зэрэг 23 хэрэгт буруутган, ял тулгаж байгаа.
АНУ-ын Худалдааны сайд “Олон жилийн турш Хятадын компаниуд АНУ-ын худалдааны хууль болон хориг арга хэмжээнүүдийг зөрчиж ирсэн. АНУ-ын санхүүгийн системийг ашиглаж хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүхэнд цэг тавих ёстой” гэж хэлжээ.
“Huawei” компанийн үйлдсэн гэж үзэж байгаа зарим хэргүүд АНУ-ын Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулахуйц хэргүүд байгаа гэж тус улсын прокурорууд үзэж байгаа аж. Мөн Холбооны мөрдөх товчоо АНУ-ын эдийн засгийн аюулгүй байдалд халдсан гэж үзэж байгаа. Канадад баривчлагдсан Мэн Ванжоуг одоо батлан даалтаар байгаа ч АНУ түүнийг шилжүүлэн авах хүсэлтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN