Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.19) хуралдаан 9 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Хуралдаанаар эхлээд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. Дэлхийн эдийн засгийн интеграци эрчимжихийн хэрээр санхүүгийн зах зээл нэгдмэл болж, энэ нь Монгол Улсын банкны салбарт тусгалаа олж байгаа гэв.
Өнөөдрийн байдлаар банкны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 14 арилжааны банкны найм нь гадаадын хөрөнгө оруулалттай бол гурван банкинд гадаад улсын иргэн хувьцаа эзэмшдэг байна. Өмнө нь гадаадын банкны салбар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан туршлага байсныг төсөл санаачлагч илтгэлдээ дурдаад өнөөдрийн байдлаар Монгол Улсад гадаад улсын банк байгуулах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг зохицуулж буй эрх зүйн орчны талаар мэдээллээ.
Цаашид Монгол Улс гадаадын банк, тэдгээрийн салбар, нэгжийн үйл ажиллагааг тодорхой хүрээнд явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь валютын хөрөнгийн эх үүсвэрийг богино хугацаанд нэмэгдүүлэх тэргүүтэй олон талын ач холбогдолтой аж. Хамгийн чухал нь хөрөнгийн хоёрдогч захын урсгалыг нэмэгдүүлэх, банк хоорондын зах зээлийн хүүгийн суурь түвшинг бууруулахад нөлөөлж, эх үүсвэрийн дундаж хугацааг уртасгахад чухал хүчин зүйл болно гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан онцолж байв. Иймд гадаадын хөрөнгө оруулалтай банк болон салбар, нэгжийг тодорхой нөхцөлтэйгөөр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлага тулгарсан болохыг танилцуулгад дурдлаа.
Үүний зэрэгцээ хэрэв гадаадын банк, тэдгээрийн салбар, нэгжийн Монгол Улс дахь үйл ажиллагааг бүрэн хяналтдаа байлгаж чадахгүй бол банкны салбарт хүч тэнцвэргүй өрсөлдөөн бий болж, дотоодын банкуудын үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй аж. Тиймээс Хөрөнгө оруулалтын банкны тухай бие даасан хуулийг баталж, гадаадын хөрөнгө оруулалт бүхий банк, салбар, нэгжийн Монгол Улсын санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулах заагийг хуулиар тодорхойлох нь зүйтэй хэмээн үзжээ. Түүнчлэн хүч тэнцвэргүй нөхцөлд дотоодын банкуудын үйл ажиллагааг дэмжих, хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагын үүднээс 5 бүлэг, 21 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тодруулга хийлээ. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банк байгуулагдсан тохиолдолд Хөгжлийн банкны үйл ажиллагаатай давхцал үүсэх эсэхийг тодруулсан С.Чинзориг гишүүний асуултад “Тодорхой хэмжээний давхцал үүснэ, өрсөлдөөн бий болно. Харин өрсөлдөөнөөс харилцагч, салбарын зах зээлийн оролцогчид хождог. Салбар дахь өрсөлдөөнөөс зугтаад сайн үр дүн гарахгүй тул Хөгжлийн банкны үйл ажиллагаагаа дэмжих, ялангуяа Засгийн газрын дэмжлэгийг тодорхой болгож, эрсдлийг бууруулах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй” хэмээн төсөл санаачлагч хариулт өглөө. Гадаадын банкууд, тэдгээрийн салбар, нэгжийг Монгол Улсад ажиллуулахын тулд мөнгөний томоохон урсгал байх ёстой атал манай улсын уул уурхайн салбарын бүх мөнгөн эргэлт гадаадад явагддаг гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хэлэв. Ийм нөхцөлд гадаадын банкуудыг татах ямар боломж байгааг тэрбээр тодрууллаа. Оюутолгой тэргүүтэй манай улсын мега төслүүдийн санхүүгийн эргэлт гадаадад явагдахаар гэрээндээ заагдсан байдаг учир өнөөгийн нөхцөлд дотоод дахь валютын урсгал болон бизнесийн орчноор л гадаадын хөрөнгө оруулалтыг татна. Манай улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, ойрын төлөвөөс хамааралтайгаар гадаадын банкууд 4-5 жилийн өмнөх шиг сонирхож, олноор хандахгүй байх магадлалтай. Гэхдээ бид сонирхогч талуудад эерэг дохио болгох үүднээс эрх зүйн орчноо сайжруулж, өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийж байна гэдгээ харуулах нь чухал ач холбогдолтой, цаг хугацааны хувьд тохиромжтой хэмээн үзэж буйгаа тайлбарлав. Түүнчлэн цаашид Хөрөнгө оруулалтын банк, хөрөнгө оруулалтын сувгаар гадаадын банк, санхүүгийн байгууллагуудыг татах зорилготой бол дээрх гэрээнүүдэд өөрчлөлт оруулах, хууль эрх зүйн зохицуулалтуудыг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан хариулт өгсөн.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан нар хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ талуудын оролцоог хангаж, хамтран ажиллах нь чухал гэдгийг хэлж байв. Түүнчлэн гадаад улсын төрийн болон төрийн өмчит банк, санхүүгийн байгууллагыг дотоодын банкны салбарт оруулахгүй байх тал дээр онцгой анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлж байсан. Гадаадын банк, тэдгээрийн салбар, нэгжүүд Монгол Улсын банкны салбарт оруулахдаа үйл ажиллагаа явуулах заагийг нарийвчлан тодорхойлж, уул уурхайн бус салбарын үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хэлэв. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлж дууслаа. Дараа нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Мөн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагаар ахлуулан байгуулахаар тогтов.
Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа, цаашдын чиглэлийн талаарх мэдээлэл сонсов
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн “Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа, цаашдын чиглэл” сэдвээр танилцуулсан мэдээллээр үргэлжиллээ. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хуулиар чөлөөт бүсийн асуудал Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжсэн юм.
Өнөөдөр манай улсад “Алтанбулаг”, “Замын-Үүд”, “Цагааннуур” гэсэн гурван чөлөөт бүс байгаа бөгөөд 2015 онд Чөлөөт бүсийн тухай хууль (шинэчилсэн найруулга) батлагдсанаар эрх зүйн нэгдсэн зохицуулалтад орсон. Уг хуулиар иргэд чөлөөт бүсээс 3.0 сая төгрөг хүртэлх үнэ бүхий барааг татваргүй худалдан авах, чөлөөт бүсэд хуулиар хориглож хязгаарласнаас бусад төрлийн үйл ажиллагааг явуулах боломжоор хангаж үйл ажиллагааны цар хүрээг нь нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний шинэ салбарыг хөгжүүлэх, татвар, гааль зэрэг тусгай дэглэмийн зохицуулалтыг хуульчлах замаар хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлэх, дэд бүтэц, барилга байгууламжийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн замаар байгуулах зэрэг эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн байдаг байна.
Сэлэнгэ аймаг дахь “Алтанбулаг” чөлөөт бүс нь 500 га талбайтай, Дорноговь аймаг дахь “Замын-Үүд” чөлөөт бүсийн талбайн хэмжээ 900 га бол Баян-Өлгий аймаг дахь “Цагааннуур” чөлөөт бүс 708.4 га талбайд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгдсөн байдаг аж. Эдгээрээс “Алтанбулаг” чөлөөт бүс тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Чөлөөт бүсүүд байгуулагдсанаас хойш улсын төсвөөс 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүний 77 хувийг “Алтанбулаг” чөлөөт бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” 2010 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн дунд дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын болон авто зам, холбооны байгууламжуудыг шинээр барих, шинэчилэх ажлыг хийж байгаа гэв. Уг төслийн өртөг 58.8 сая ам.доллар бөгөөд төслийн гүйцэтгэл 95 хувьтай байгаа хэмээн Шадар сайд мэдээлэлдээ дурдлаа.
“Алтанбулаг” чөлөөт бүсийн хувьд тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдын 2006 оны 48 дугаар тушаалаар чөлөөт бүсэд хэсэгчилсэн хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдэж хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна. Одоогоор хувийн хэвшлээс 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт “Алтанбулаг” чөлөөт бүсэд хийгээд байгаа бол “Замын-Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийгдээгүй гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны талаар болон чөлөөт бүс тус бүрийн үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав.
“Алтанбулаг” чөлөөт бүс нь 2014 оны 06 дугаар сарын 22-нд нээгдэж үйл ажиллагаа нь эхэлсэн ба одоогоор бүсийн харуул, хамгаалалтын байгууламж, түр цахилгаан хангамж, бүсийн доторх цэвэр, бохир усны шугам хоолой, усан сан, цэвэр усны эх үүсвэрийн шугам хоолой, үерийн хамгаалалтын далан, шалган нэвтрүүлэх байр, гаалийн хяналтын талбай зэрэг нь ашиглалтанд ороод байгаа юм байна. Тус бүсэд одоогийн байдлаар 49 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийснээс 13 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа гэв.
Өнгөрсөн онд 16 аж ахуйн нэгжийн газрын төлбөр 24,6 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд бүсийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэв. Харин “Замын-Үүд” чөлөөт бүсэд худалдаа, үйлчилгээ, зочид буудал, үйлдвэр, агуулах ложистик, шатахуун түгээгүүрийн чиглэлээр 13 аж ахуйн нэгж 23,6 га газрыг эзэмшиж, үйл ажиллагаа эрхлэх бүртгэл болон газрын гэрчилгээ авсан байна. Тус чөлөөт бүсээс 2015, 2016 онуудад 319 сая төгрөгийн газрын төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлжээ. “Цагааннуур” чөлөөт бүсэд одоогийн байдлаар таван аж ахуйн нэгж 115 га газар эзэмшиж байгаа бөгөөд 2016 онд 68 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үргэлжлүүлэн Шадар сайд чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих ажлын хүрээнд төлөвлөж буй ажлуудыг танилцуулаад Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс хил залгаа улстай хамтарсан чөлөөт бүс байгуулах ажлыг эхлүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн. Энэ чиглэлээр Шадар сайдын ажлын алба болон Гадаад харилцааны яамны зүгээс холбогдох тооцоо судалгааг хийж хамтарсан чөлөөт бүс байгуулах талаар БНХАУ-ын талтай яриа, хэлэлцээ хийж байгаа гэв.
Монгол Улсын Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Монгол Улс 13 жилийн турш аж үйлдвэрийн парк, чөлөөт бүсийг хөгжүүлэх гээд амжилтгүй оролдлого хийсээр байх зуур дэлхийн худалдааны бизнесийн ложистикийн модель өөрчлөгдчихөөд байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан хэлэв. Бусад орны амжилттай жишээг харахад энэ төрлийн үйл ажиллагааг мэргэжлийн компаниуд гүйцэтгэдэг. Цаашид Улсын Их Хурал бодлогын түвшинд оновчтой шийдлийг гаргах цаг болсон гэдэг саналыг тэрбээр гаргав. Чөлөөт бүсийг богино хугацаанд амжилттай байгуулсан Бангладеш, Вьетнам улсын туршлагыг судалж, нэвтрүүлэх чиглэлээр ажиллах нь эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд оновчтой, өндөр үр дүн гарах боломжтой гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар гаргав. Харин Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, хөрш орнуудын зах зээлийн эрэлт болон дотоодын экспортын нөөц боломжоо судалж ажиллах нь зүйтэй гэлээ.
Ийнхүү Монгол Улсын Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооноос дөрвөн асуудлаар чиглэл өгөхөөр тогтлоо.
Үндэсний хөгжлийн газрын мэдээллийг сонслоо
Дараа нь Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд тусгаж байгаа төсөл, арга хэмжээ, Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн биелэлтийн талаарх Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээллийг сонсов. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажиллаж буйг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан танилцуулгынхаа эхэнд дурдлаа. Улсын хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийн төслийг боловсруулах, Засгийн газрын хуралдаанд танилцуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг нь Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын холбогдох газар, хэлтсүүдийн оролцоотой байгуулагдан ажиллаж байгаа гэв. Хөтөлбөрийн төслийг боловсруулахтай холбогдуулан Үндэсний хөгжлийн газраас хөтөлбөрт тусгуулах 30.0 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий дэд бүтэц, хөгжлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналыг яамдаас авч байгаа аж.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын 2015 оны 105 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан юм. Тогтоолоор Засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад мөрдөгдөж байгаа хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаарх тогтоол, шийдвэр, заавар, журмыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэх, хуульд заасан журам, зааврыг боловсруулж, батлах ажлыг 2016 оны 2 дугаар улиралд багтаан гүйцэтгэх чиглэл өгсөн бөгөөд гүйцэтгэлийн тайланг Үндэсний хөгжлийн газрын дарга танилцууллаа. Мөн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хүчингүй болгох, шинэчлэх шаардлагатай бодлогын баримт бичгийн хүрээг тодорхойлох ажлын хүрээнд 1990 оноос хойш батлагдсан, өнөөгийн байдлаар хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг судлан, бодлогын баримт бичгийн урьдчилсан жагсаалтыг гаргажээ. 1990 оноос 2017 оныг хүртлэх хугацаанд 412 бодлогын баримт бичиг баталснаас өнөөгийн байдлаар 126 бодлогын баримт бичиг хугацааны хувьд хүчинтэй байна. Үүнээс УИХ-ын тогтоолоор батлагдсан 51, Засгийн газрын тогтоолоор батлагдсан 75 бодлогын баримт бичиг байгаа аж. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хүчингүй болгох, шинэчлэх шаардлагатай бодлогын баримт бичгийн хүрээг тодорхойлох ажлын явцын талаар тэрбээр танилцууллаа. Мөн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, аргазүйн зөвлөгөө өгөх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хийгдсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.
Мөн гэрээ нь хийгдээгүй болон ажил нь эхлээгүй концессын төслүүдийг хэрэгцээ шаардлага, ач холбогдлоор ангилах, эрэмбэлэх арга хэмжээний талаар мэдээллийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханы мэдээлэлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, тодруулга хийлээ. Үндэсний хөгжлийн газар нь бодлого, төлөвлөлтөд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, Улсын Их Хурал энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан хэлэв. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн загвар буруу байгаа тул ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн хөгжлийн олон улсын загварын шинэ хандлагад нийцүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай, үүнд Үндэсний хөгжлийн газар чухал үүрэгтэй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хэллээ. Бодлого төлөвлөлтийн газрын статусыг өргөжүүлэн, бэхжүүлэхэд Улсын Их Хурал анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг С.Чинзориг гишүүн илэрхийлэв.
Ийнхүү Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд тусгаж байгаа төсөл, арга хэмжээ, Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн биелэлтийн талаарх Үндэсний хөгжлийн газрын мэдээлэлтэй холбогдуулан шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан байгуулав.
Ажлын хэсэг байгуулав
Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулан байгуулахаар шийдвэрлэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.