“Mongolia Gold 2019” алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн олон улсын бага хурал, үзэсгэлэнг Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уул уурхайн бирж хамтран, Монголбанк, төрийн байгууллагууд, алт олборлогч аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн институтын дэмжлэгтэйгээр 2019 оны гуравдугаар сарын 22-23-нд Корпорейт Конвейшн төвд, “НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ХӨГЖЛИЙН ШИНЭ ШАТАНД ГАРГАЯ !, АЛТНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЬЕ!” уриатайгаар 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд Хятадын алтны холбоо, хятадын алтны 5 том компани болох China National Gold Group Corporation, Chifeng Jilong Gold Mining Co.,ltd, Shandong Gold Group, Zhaojin International Mining Co.,ltd болон Энэтхэгийн Sakthi Trading Group зэрэг гадаадын олон компаниуд оролцох юм.
Хурал, үзэсгэлэнд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид өргөнөөр оролцож байгаа бөгөөд алтны төсөлдөө хөрөнгө оруулагч хайж байгаа, бизнес, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, алтны олборлолт, баяжуулалт, боловсруулалтанд дэвшилтэт технологи нэвтрүүлэх хүсэлтэй байгаа байгууллагууд хурлын үеэр болох бизнес уулзалтанд эртнээс бүртгүүлэхийг зөвлөж байна.
Мөн алтны салбарт хөрөнгө оруулах, техник, технологи, үйлчилгээгээ нэвтрүүлэх, ханган нийлүүлэлт хийх хүсэлтэй байгууллага, хувь хүмүүс холбогдох боломжтой.
Уг арга хэмжээний зорилго нь “Монголын алтны салбарт дэвшилтэт техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд богино хугацаатай санхүүжилт татах, алтны үндсэн ордын төслүүдэд хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах, алтны нөөц, алт тушаалтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргах, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongoliagold.mn/ вэбээс, 70111106, 89113499, 80844788 утсаар лавлаж асууна уу.