УИХ-ын даргыг огцруулахаар нэгдэж УИХ-ыг бойкотлож, Сүхбаатарын талбай дээр улс төрийн суулт зохион байгуулж буй УИХ-ын таван гишүүн өнөөдөр (2019.01.28) дахин мэдээлэл хийлээ. Тэд улс төрийн суулт тэмцлийн хүнд хэлбэрт шилжиж зарим иргэд өлсгөлөн зарласан талаар болон улс төрийн хүрээнд өрнөж буй асуудлуудаар байр сууриа илэрхийлж, мөн УИХ-д бүлэг байгуулж байгаагаа мэдэгдлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн хэрэгжилт 25-ны өдрөөс байсан боловч мягмар гараг хүртэл хойшлогдсоноор Сүхбаатарын талбайд өнгөрсөн 15 хоног тэмцэж байгаа олон зуун иргэдэд хүнд цохилт болсон гэдгийг хэлэв. Хэдийгээр гишүүд мягмар гарагт хэлэлцэх тухай учирласан боловч олон хоног тэмцэл хийж байгаа иргэд тэмцлийн хурц хэлбэр болох улс төрийн өлсгөлөнд шилжсэн талаар ярилаа. Өлсгөлөнд нийт 11 иргэн нэгдээд байгаа юм. 69 настай иргэн, мөн Эрдэнэтээс ирсэн өндөр настан гурав дахь хоног дээрээ биед нь хүндрэл гарч эмнэлэгт хүргэгдсэн байна.
Тэдний зүгээс УИХ-ын даргыг чөлөөлөх асуудалд хэрэв маргааш ямар нэг шалтаг шалтгаан гаргаад саад тотгор учруулж, олонх санал гаргаад нэмэргүй болох юм бол тэмцлийн хурцын хурц хэлбэрт шилжихэд бэлэн байгаа гэдгээ мэдэгдэв.
Ингээд гишүүд УИХ-д “Баялагтай Монгол эзэд” гэж бүлэг байгуулж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тус бүлэгт Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Мурат нар багтаж байгаа юм байна. Мөн Энх-Амгалан гишүүн орохоо илэрхийлсэн бол С.Жавхлан гишүүнд урилга явуулж байгаа аж.
Энэ үеэр гишүүд Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт, Эрдэнэтийн 49 хувийн асуудал болон бусад стратегийн орд газруудын талаар, түүнчлэн Сүхбаатарын талбай гадны иргэний эзэшил болсон тухай зэрэг маш олон материалууд ирсэн гэдгийг товч мэдээлсэн юм. Хууль хяналтын байгууллагуудын албан тушаалтнуудын тухай, түүнчлэн ЖДҮ-тэй холбоотой асуудлуудаар ч мэдээлэл ирж байгаа гэдгийг хэллээ.
Хамгийн гол нь УИХ-ын даргыг огруулсныхаа дараа эдгээр материалуудыг холбогдох газруудад нь өгч комисс бүхий шалгалтын ажлуудыг эхлүүлэх гэнэ. Тухайлбал Төрийн 27 санд комисс ажиллуулах юм байна. Тэд энэ үеэр “Бид ЖДҮ-г хамгаалахгүй. Бидний дотор ЖДҮ-гээс зээл авсан нэг ч хүн байхгүй. Бидний зүгээс ЖДҮ-г шалга, 28 санг шалга гэсэн шаардлага хүргүүлж байгаа.
…Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал үнэн болж таарсан. Бид одоо албан ёсоор Ерөнхий сайдад асуулт тавьж байна. Чингэлтэй дүүргийн нотариат дээр хувьцаа худалдах болон шилжүүлэх гэрээг баталгаажуулсныг олж мэдээд цагдаагийн байгууллагад өгсөн. 400 орчим сая долларын үнэтэй Эрдэнэтийн 49 хувийг 40 сая доллароор н.Пүрэвтүвшин гэдэг залуугаас 1995 онд төрсөн Б.Номундарь гэдэг бүсгүйд Сингапурын бүртгэлтэй компанид шилжүүлчихсэн байгаа юм. Ингэхээр Монгол Улсын хуулиас гараад явчихаж байна. Их хурлын тогтоол хэрэгжих ямар ч боломжгүй болж байгаа юм. Яахаараа стратегийн орд хоёр залуугийн гарт ороод яваад байдаг юм бэ?
Хэрэв Эрдэнэтийн 49 хувь Монголоос гарчих юм бол Оюутолгойтой адилхан нөхцөл байдалд орно. Энэ хоёр залууг эцсийн мөчид золиослоно” гэх мэт асуудлыг хөндөж мэдээлэл өглөө.
Мэдээлэл хийсэн гишүүдийн зүгээс олон мэдээлэл гаргаж сарнилт хиймээргүй байна гэдгээ онцолж байлаа.