Өнгөрсөн долоо хоног, бүр нарийн яривал баасан, бямба, ням гарагт монголчууд жинхэнэ утгаараа омогшиж, Монголын тамирчид дэлхийд Монголоо мандууллаа. Америк, Тайланд, Япон, ОХУ, Перу, Польш, БНХАУ гээд дэлхийн өнцөг булан бүрт Монгол орны нэр дуудагдаж, төрийн алтан соёмбот далбаа бүхнээс өндөрт мандаж, төрийн дуулал эгшиглэв. Ийм их баяр баяслыг спортын тамирчид бидэнд бэлэглэдэг нь бахархал юм. Тэр ч бүү хэл эх орны нийслэлд ч гэсэн спорт сонирхогчдыг баясгам үйл явдал олонтаа болов. Бидний хүсэн хүлээж байсан IBO холбооны алтан бүсний тулаанд гавьяат тамирчин Н. Төгсцогт итгэл төгс ялалт байгуулж, Тайландад Б.Халиун муатай боксоор азийн аварга болов.

Үүнээс гадна ОХУ-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нар эргэн ирснээ зарлаж төрийн дууллаа эгшиглүүлсэн бол Польшид монгол залуу цахим спортоор мандаж явна. Түүнчлэн эх орныхоо дэвжээнд цэвэр хөдөлмөр, зүтгэлээрээ ялалт байгуулан баярын нулимс унагасан тулаанч залуугийн ялалтаар бид бахархаж байна. Харин арлын Японд 15 жил сүмогоор барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн түрүүлж, анх удаа эзэн хааны цом өргөлөө. Авто машины олимп гэгдэх “Дакар ралли”-гийн шагналын тавцанд монгол эрчүүд эх орондоо ирсэн сайхан мэдээ ч байна. Энэ бол монгол бахархал, монгол омогшил юм. Эх орноороо бахархах, омогших боломж олгосон тамирчдадаа баярласнаа илэрхийлээд манай тамирчдын оролцсон тэмцээн уралдааныг тоймлон хүргэе.

KING TUG’’-ИЙН” ОНЦГОЙ ЯЛАЛТ

Сонирхогчдын боксоос мэргэжлийн боксчин болоод даруй таван жил болж буй олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт болон Азийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт карьерынхаа 11 дэх ялалтыг байгууллаа. Түүний хувьд 11 тулаан хийхдээ бүгдэд нь ялсан 100 хувийн амжилттай болж байна. 2012 оны Лондоны олимпын дараа л мэргэжлийн бокст хүч сорихоор бэлтгэж эхэлсэн тухайгаа ярьж байсан тэрбээр өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд зүй ёсоор багтлаа. Манай тулаанчийн өрсөлдөгч нь Доминиканы боксчин Клаудио Маррейро байв. Бүтэн 12 үеийн турш тулалдаад шүүгчдийн 100 хувийн саналаар King Tug ялалт байгууллаа. Тодруулбал, 114:113, 115:112, 116:111 -ээр илүүрхэж, эзэнгүй байсан IBO холбооны аваргын бүсний эзэн боллоо. Ийнхүү Н.Төгсцогт 1993 оноос хойш IВО холбооны 57.2 кг жингийн 17 дахь аварга болж байгаа юм.

Түүний өмнө Маррейро аваргын бүсийг эзэмшиж байсан ч аваргаа хамгаалах тулааныг хийж чадаагүй тул хураалгасан байдаг. Н.Төгсцогт тулааны өмнө хэвлэлийн хурал дээр “Энэ бол миний удаан хүсэж байсан тулаан. Мэргэжлийн боксчин болсноос хойш маш их туршлагатай болсон. Үүнийгээ нотлон харуулна. Бэлтгэл маань жигдэрсэн, одоо зөвхөн тулаандаа анхаарч байгаа. Манай багийнхан маш сайн тактик бэлтгэсэн. Дасгалжуулагчийнхаа хэлснээр явбал ялна гэдгээ мэдэж байна” хэмээн ярьж байсан. Тэгвэл тулаан түүний багийнхны төлөвлөснөөр болж өндөрлөсөн тухай “Fox” сувгийнханд Н.Төгсцогт товч ярилцлага өгөхдөө дурджээ. “12 үе тулаан хийх тийм амар байсангүй. Хэдийгээр хугацаанаас нь өмнө тулааныг дуусгах боломж байсан ч бүх зүйл төлөвлөгөөгөөр үргэлжилсэн учраас эцсийг хүртэл тулалдлаа. Маш их баяртай байна” хэмээн тэр ярьжээ. Н.Төгсцогтын 11 дэх ялалтын статистик үзүүлэлтийг сонирхвол 509 цохилтын 119 нь оновчтой болсон. Түүнчлэн 411 хүчтэй цохилтын 109 нь оновчтой байв.

Тэгвэл Маррерогийн хувьд 12 үеийн турш 714 цохилт хийхэд ердөө 114 нь оновчтой байсан аж. Мөн 369 хүчтэй цохилтын 102 нь оновчтой гэх статистик гаргасан байна, мэргэжилтнүүд. “Тоглолтын хувьд илүү байсан ч надад боломж байлаа. Би ямар ч байсан дахиад Н.Төгсцогттой тулалдаж даагаа нэхнэ” гэж Клаудио Марреро тоглолтын дараа ярьсныг “Box Rec” цахим хуудас мэдээлжээ. Н.Төгсцогтын дараагийн тулааны талаар мэргэжилтнүүд болон сонирхогчид хэдийнэ яриад эхэлсэн. Одоогоор албан ёсоор батлаагүй ч Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч нь WBC холбооны аваргын бүс эзэмшиж буй АНУ-ын боксчин Гари Рассель байж магадгүй. Энэ тулааны ялагч нь түүнтэй аваргын бүсний төлөө хүч үзэхээр төлөвлөсөн юм. Сонирхогчдын боксын ДАШТ-ээс 2005 онд хүрэл медаль хүртэж байсан Рассель мэргэжлийн бокст 30 тулаан хийхдээ 29-д нь ялалт байгуулсан. Ганц ялагдахдаа Украины Васел Ломаченкод дийлдэж байв. Одоогоор WBC холбооны аваргын бүсийг гурван удаа хамгаалаад буй Рассель өнгөрсөн оны тавдугаар сард Жосеф Диасыг ялснаас хойш бэртлийн улмаас рингэнд гараагүй юм.

БАГА ДЭЛХИЙН АВАРГА”-Д” МОНГОЛЫН ТӨРИЙН ДУУЛАЛ ХОЁР УДАА ЭГШИГЛЭВ

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид хойд хөршид медалийн арвин ургац хураалаа. Чөлөөт бөхийнхөнд “Бага дэлхийн аварга”хэмээн нэрлэгдсэн алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит алтан гран при тэмцээн ОХУ-ын Красноярск хотод болж өндөрлөсөн. Уг тэмцээнд дэлхийн шилдгүүд хуран чуулдаг уламжлалтай бөгөөд манай улсаас 50 орчим бөх зодоглож хоёр алт, хоёр мөнгө, 10 орчим хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Тодруулбал, дэлхийн хошой аварга, дэлхийн аваргын мөнгө, олимпын хүрэл медальт С.Батцэцэг, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, залуу мастер Э.Даваанасан нар мөнгөн медаль авсан байна. Үүнээс гадна Э.Бямбадорж, Б.Батмагнай, О.Насанбурмаа нарын тэргүүтэй 10 орчим бөх хүрэл медаль хүртжээ. О.Насанбурмаагийн хувьд тус тэмцээнээс зургаа дахь медалиа авсан бөгөөд “бага дэлхийн аварга”-аас хамгийн олон медаль зүүсэн .монгол бөх болж байгаа юм.

ТАМАВАШИ 15 ЖИЛ БАРИЛДСАНЫ ЭЦЭСТ ЭЗЭН ХААНЫ ЦОМ ӨРГӨЛӨӨ

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2019 оны нэгдүгээр сарын хацү башёгийн макүүчи болон жонокүчи зиндаанд монгол бөх түрүүллээ. Тодруулбал, Жонокүчи зиндаад “Фүтагояма” дэвжээний А.Амарсанаа хэмээх Роога нэг ч уналгүй анхны цомоо хүртэв. А.Амарсанаа нь монгол аав, тува ээжтэй бөгөөд өвөө Валерий Араптан нь хуреш бөхийн аварга хүн юм. Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол түүнийг “Тувагийн анхны мэргэжлийн сүмоч” гэж нэрлэж байсан билээ. Роога сэтгүүлчдэд “Сонирхогчдын сүмо ганцхан өдөр явагдаад дуусдаг. Харин мэргэжлийн сүмо долоон өдөр барилдах болохоор ялагдсан ч бичлэгээ үзээд алдаагаа засах боломжтой. Мэргэжлийн сүмод гараагаа сайхан эхэлж чадлаа. Тувад байгаа ээжтэйгээ утсаар ярьсан. Шүтдэг бөх байхгүй ч ирээдүйд Хакүхо аваргатай барилдах хүсэлтэй. Зорилго сэкитори болох. Ер нь би орос хүн. Гэнэт монгол хүн гэж нэрлүүлэхэд хачин байсан” гэжээ. Гэхдээ үүнээс илүү онцлох амжилт нь макүүчид Тамаваши Б.Мөнх-Оргил 13 даваа, хоёр унаатайгаар мэргэжлийн сүмогийн анхны түрүүлсэн явдал юм. 69 дэх их аварга Хакүхо 10 өдрийн турш башёг ганцаараа тэргүүлж байсан гурав дараалан унаж, улмаар бэртэл сэдэрснээс тэмцээнийг орхисон нь Тамавашид том боломж болсон юм. Тамавашиг мэргэжлийн сүмод түрүүлэхтэй зэрэгцэн түүний хоёр дахь хүүхэд нь эхдэлхийд мэндэлж баярдээрбаяр нэмсэн тухай Б.Мөнх-Оргил NHK-д өгсөн ярилцлагадаа онцолсон. Түүний хувьд макүүчигаас гадна жюүрёо, макүүшита зиндаанд тус бүр нэг түрүүлж, уран барилдаан болон техниктэй бөхийн шагналыг тус тус хүртэж байжээ. Тэрбээр мэргэжлийн сүмод түрүүлсэн долоо дахь монгол бөх боллоо. Өмнө нь Хакүхо, Асашёорюү, Харүмафүжи, Какүрюү, Тэрүнофүжи, Кёкүтэнхо .нар түрүүлээд байв.

МУАТАЙГААР ЭМЭГТЭЙ АЗИЙН АВАРГА ТӨРЖ, ЦАХИМ СПОРТООР ДЭЛХИЙД МАНДАВ

Монголын шилдгүүдийн баярт мэдээтэй зэрэгцээд Тайландын Нан хотоос чихэнд чимэгтэй мэдээ ирэв. Тодруулбал, Азийн Муатайн холбооны ерөнхийлөгчийн ивээл дор Азийн мэргэжлийн Муатайн аваргын төлөөх тулаанууд болсон. Уг тулааны эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Халиун Тайландын тамирчныг хожиж, мэргэжлийн муатай боксын Азийн аваргын бүсийн эзэн болжээ. Тэрбээр тулааны энэхүү төрлөөр насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн нэгэн. Б.Халиун дасгалжуулагч О.Алтанпүрэвийн удирдлагад 10 гаруй жил хамтран бэлтгэл хийж, Азийн аваргын бүсийг эх орондоо авчирлаа. Энэ хооронд эмэгтэй хүний үүргээ гүйцэтгэн ээж болоод спортоосоо түр завсарласан ч өнгөрсөн жилээс дахин бэлтгэл хийж эхэлснээр дээрх амжилтад хүрэв.

Үүнээс гадна Монголын Erkast өөрийн “Grayhound Gaming” багаа ахлан Asia Minor Championship-Katowice 2019 тэмцээнд оролцож хоёрдугаар байр эзлэн 15 мянган ам.долларын шагнал хүртсэн байна. Улмаар тэр дэлхийн шилдгүүдтэй хамт “Intel Extreme Masters XIII-Katowice Major 2019” тэмцээнд оролцох эрх авлаа. Ингэснээр монгол тамирчин анх удаа MAJOR-т өрсөлдөж, CS:GO тоглоом дотор өөрийн стикертэй боллоо. “Intel Extreme Masters XIIl-Katowice Major 2019” тэмцээн ирэх сарын 13-нд Польшийн Катовице хотод эхлэх бөгөөд 20 хоног үргэлжилнэ. Тус тэмцээний шагналын сан нэг сая ам.доллар бөгөөд дэлхийн хамгийн шилдэг 24 баг өрсөлдөх ажээ.

Эх сурвалж: 

By updown

One thought on “Монголоо мандуулсан өдрүүд”
  1. Түүх давтагдаж бна дөө. Тэртээх ИХ ЧИНГИС хааны үр удам дэлхийгээр нэг тархаж улс орнуудыг байлдаж биш спортоор МОНГОЛ гэсэн нэрийг гаргаж явандаа. Гэтэл төр засаг нь эрх мэдлийн төлөө алалцаж эвпдрэлцсээр байж эх орон ард түмнээ доройтуулаад л бх юмдаа. Даанчдээ үнхээргол гонсоомоор юм. Эргүү төрийн бөөснүүд минь 6 хан настай хүү дэлхийд монголоо гэсэн нэрийг дуурсгаад эх орныхоо нэрийг сайхнаар мандуулж бгааг хараад ичэж үхээсэй.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн