Бид сэтгүүлч Б.Уянгын хамт гадаад орны соёлоос хуваалцан цуврал нийтлэлийг хүргэж байгаа билээ. Ингээд бидний сонирхуулах удаахь сэдэв бол Канадын сувилагч.
Хэрэв та Канад орныг ямар нэгэн байдлаар судалдаг, очихыг хүсдэг бол Канадад сувилагч өндөр цалинтай, хамгийн эрэлттэй мэргэжил. Энд жил болгон газар бүрээс сувилагчид ирж цагаачилдаг. Америк улсаас ч бас сувилагч нар ирдэг байна. Өндөр шалгууртай мэргэжил гэх үгсийг сонсож л байсан болов уу? Би ч энэ улсад ирэхээсээ өмнө таны адил сонсож л байлаа. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ.
Канадын сувилагчдын ертөнцөөр хамтдаа аялъя.
Би арваад сувилагч танина. Троё, Нансий, Том гээд л… Мэдээж нутгийн хүн бол унаган англи хэлтэй хойно энэ мэргэжлийг эзэмшихэд биднийг бодвол арай амар болов уу. Яагаад сувилагч тийм чухал гэж? Эмч илүү чухал биш гэж үү? гэсэн асуултууд хөвөрнө.
Та жинхэнэ сувилагч болохын тулд их сургуульд 4+1=5 жил суралцана. Нэгэнт төгсчихвөл хэлний хувьд ус цас болно доо.
Маш өндөр шалгууртай сургуулиа төгсөөд RN буюу “мэргэшсэн сувилагч” гэсэн бакалаврын зэрэг бүхий диплом гардаж авна. Энгийн сувилагчийг бодвол мэргэшсэн нарийн мэргэжлийн сувилагчийн хийх ажил яг л эмч шиг надад санагдсан. Хар үгээр хэлэх юм бол, чагнуураа зүүнэ, өвчтөнтэй шууд харилцана, үзнэ, эмчилнэ. Зарим нь эм бичиж өгнө. Миний анзаарсанаар манай өрхийн эмнэлгийн их эмчтэй адилхан үзэж хараад байх шиг.
Канад бол эрүүл мэндийн тогтолцоо нь өндөр хөгжсөн орнуудын нэг. Тиймээс та энэ зэрэгт хүрээд сургуулиа төгсчих юм бол таныг Канадад хүн бүр хүндэлж, өндөр цалинтай ажилтай болно гэсэн үг.
Үүнийг сэтгэлээрээ бичин суугаа миний бие БНХАУ улсад дөрвөн жил мастерийн зэрэг горилон суухдаа эмнэлгүүдээр явж монголчууддаа үнэ төлбөргүй орчуулга хийж өгдөг байсан учраас Канад, Хятад, Монгол гурван улсын эмнэлгийг харьцуулахад дөхөм болжээ. Канад, Хятад улсын иргэд ажил хийдэг бол улсаас даатгалыг зохицуулж, зарим тохиолдолд 100 хувь даатгалаас төлбөрийг гаргадаг байх жишээтэй. Азтай өвчтөнүүд гэх үү дээ.
Гэтэл манай улсад сувилагчийг тийм ч өндөрт тавьдаггүй, чухалчилж авч үздэггүй. Тэр хэрээр цалин ч бага. Үргэлж л цалин хөлсний талаар асуудал үүсч байдаг.
Канадад сувилагчдыг хоёр түвшинд хуваадаг байна. Нэгдүгээрт, мэргэшсэн сувилагч буюу RN. Хоёрдугаарт, LPN буюу сувилагч. Гэхдээ ер нь мэргэшсэн сувилагчийг үзэж судалдаг хичээлүүдээр нь ч, суралцаж төгсөх хугацаагаар нь тооцвол эмч шиг л чадварлаг юм билээ.
Б.Уянга