Өмнөд Солонгосын KBS телевизийн мэдээлснээр “цагаачлалын алба”-ны нэр барин хууль бус цагаач эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж мөнгө авдаг бүлэг этгээдийг цагдаагийн газраас илрүүлэн баривчилжээ.
Тэд хууль бус /массажны газар/ үйлчилгээ үзүүлдэг, бэлэн мөнгө ихтэй газрыг сонгон үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд өөрсдийгөө илчлүүлэхгүйн тулд хохирогчдыг хүчээр хил давуулан гаргасан нь хүртэл нотлогджээ.
Гэрчүүдийн мэдэгдэж байгаагаар массажны газар ажиллаж байсан Тайланд Улсын иргэн, 5 эмэгтэйг айлган сүрдүүлж, өөрсдийн бэлдсэн оффистоо хорьсон ба тэднээс 10 гаруй сая воныг дээрэмдсэн байна. Түүгээр зогсохгүй эдгээр 5 эмэгтэйг онгоцны буудал руу дагуулан явж хүчээр хил давуулан гаргажээ.
Пак гэгчээр ахлуулсан эдгээр 5 иргэн өмнө нь Тайланд эмэгтэйчүүдийг хууль бус массажны газар зуучлах ажил эрхэлж байсан бөгөөд тэр үедээ авсан мэдээллээ дээрмийн хэрэгтээ ашигласан болох нь тогтоогдсон байна.
Цагдаагийн газраас тэднийг хуурамч бичиг баримт үйлдсэн, бүлэглэсэн, айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэсэн үйлдэл дээр нь эрүүгийн хэрэг үүсгэж, нэмэлтээр хууль зөрчсөн үйлдэл байгаа эсэхийг мөрдөн шалгаж байгаа юм байна.
Эх сурвалж: Mglradio