АТГ 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хэвлэлийн хурлаараа 2018 онд хийсэн ажлын талаар мэдээллээ. Энэ үеэр Оффшор бүсэд данс эзэмшигчдийн талаарх мэдээллийг өглөө.

Тус бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаанд үүргээ биелүүлж, оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан АТГ-т мэдүүлжээ.

2017 онд Х.Энхжаргал АТГ-ын даргаар ажиллаж байхдаа чуулганы хуралдаанд “Оффшор бүсэд Монгол Улсын 49 иргэний мэдээлэл байдаг. Давхардсан тоогоор 29 иргэний 42 аж ахуйн нэгж байгаа гэж одоогоор тогтоогдсон. Тэр 29 хүний 20 нь одоо төрийн албанд ажиллаж байгаа” гэж мэдээлж байсан юм.

Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүсэд холбогдох этгээдүүд нь 85,933,063 ам.долларыг байршуулж байсныг тогтоосон аж. Үүнээс 74,993,452 ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн болох нь шалгалтаар тогтоогдоод байна. Үүний 4.3 сая ам.долларыг биет байдлаар хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд оруулж ирсэн байгаа гэдгийг АТГ мэдээллээ. Тэрхүү бэлэн мөнгө нь НИК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Ч.Давааням гэх эрхмийнх гэдэг. Тэрээр 2017 онд 4 сая 370 мянган ам.долларыг Монголд оруулж иржээ. Харин үлдсэн 70 гаруй сая ам.доллар хэнийх вэ?

Бусад эрхмүүд тус бүр хэчнээн төгрөгийг оруулж ирсэн, тэр мөнгө тодорхой хэлбэрээрээ хаана байршиж байгаа зэрэг мэдээлэл мөн л бүрхэг байна. Тухайлбал, С.Баярцогт, Сү.Батболдын ах, Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар нарын хүмүүсийн мөнгө орж ирсэн эсэх талаарх тодорхой мэдээллийг олон нийт харуулдан хүлээсээр байгаа билээ.

АТГ-ын өгсөн мэдээллээр бол оффшортой холбоотой хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг шалгаж байгаа. Санийн сайд асан С.Баярцогтын тухайд хэрэгтэй холбоотой шинэ нөхцөл байдал тогтоогдсон учраас цагдан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайлбал, гэрээ байгуулахаас өмнө Оюутолгойн хувьцаа эзэмшиж байгаад гэрээ байгуулсны дараа хувьцаагаа худалдаж их хэмжээний ашиг олсон зэрэг давуу байдал тогтоогдож байгаа учраас шалгаж байгаа юм байна.

By updown

2 thoughts on “Оффшор бүсээс оруулж ирсэн гэх 74,993,452 ам.доллар хэн хэнийх вэ?”
  1. Оффшороос орж ирсэн мөнгөө дуурийн дуучдыг дэмжээд дэлхийд гарахад нь зарцуул.

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн