УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлуудыг танилцуулах үеэр УИХ-ын гишүүд горимын санал гаргалаа.
Тухайлбал,
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Нийгмийн сүлжээнд гарч байгаа мэдээллүүд зах замбараагаа алдлаа. Нэр, нүүрээ нуусан ийм захиалгын бичээч нар хүнийг гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрлээ. Сенсациуд нь үнэн худал нь мэдэгдэхээ байж, хүмүүсийг их бухимдуулж байна. Тийм учраас Цахим бодлогын тухай хуулийг, мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг яаралтай өргөн барьж батлахгүй бол нийгмийг хямрал руу түлхэх аюултай нөхцөл байдал үүсч байна. Заримдаа зохиож бичиж хүртэл гаргадаг болсон байна. Энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх эхний асуудалд оруулмаар байна.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Өнөөдрийн хэлэлцэх асуудлаас Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хасч өгөөч гэдэг саналаа тайлбарлая. Монголбанкинд жилд 20 тн буюу 2 ихнаяд төгрөгийн алтны худалдан авалтыг хийж байгаа. Үүний 70 хүртэлх хувь нь иргэдээс хувь хүний нэрээр тушаагдаж байгаа гэдгийг Монголбанк удаа дараа мэдээлж байгаа. Гэтэл үнэн чанартаа уул уурхайн лицензүүд чинь аж ахуйн нэгж компанийн нэр дээр л байдаг. Тэгэхээр энэ бол татваруудаас зайлсхийсэн үйлдэл болоод байгаа юм. Энэ бүгдийг таслан зогсоох, байгалийн баялгаас олж байгаа орлогоо иргэддээ хүртээх энэ нөхцөлөө бүрдүүлэх хуулийн зохицуулалтуудаа хийчихээд дараа нь алтны татварын хуулиа оруулж ирээч гэж хэлэх гэсэн юм. Хоёрт, бас л УУХҮ-ийн сайд алга байна. Тиймээс энэ асуудлыг хойшлуулж өгөөч гэсэн горимын санал байна.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ асуудлыг хэд хэдэн гишүүн ярьж, хариуцсан сайд нь гадаадад томилолттой байгаа учраас хууль буцсан тохиолдолд татвар 0,9 хувь болно гэж тайлбарлаад байна. Ирэх долоо хоног хүртэл хэлэлцэх асуудлаас хойшлуулж өгнө үү.
УИХ-ын дарга М.Энхболд:
-Чуулганы хуралдааныг үргэлжлүүлж хуралдуулах талаар Ерөнхийлөгчөөс албан бичиг ирсэн. Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулганыг хуралдуулах санал ирүүлсэн. Энэ бичгийг хоёр бүлгийн дарга нарт хүргүүлсэн, бүлгээс санал ирвэл асуудлаа шийдээд явах боломжтой. Өнөөдөр өглөө УИХ-ын нэр бүхий гишүүд 39 гишүүн гарын үсэг зурсан тогтоолын төслийг өргөн барьсан, би хүлээж аваад Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. Энэ хуулийг хүчин төгөлдөр болох хугацаа нэгдүгээр сарын 28-нд хэрэгжиж эхлэх заалттай. Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх саналаа хэлсэн. Би Дэгийн тухай хууль, байнгын хорооны даргатай санал солилцсон тухайгаа хэлсэн. Тиймээс өнөөдөр 13:00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдана. Өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах юм бол Дэгийн тухай хууль зөрчинө. Ер нь мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг нэгтгэж, түргэн шийдэхгүй бол Монголын нийгмийн амьдралд сайн ч, саар ч асуудлыг бий болгож байна. Шуурхай анхаарч ажиллаарай. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хасах эсэх талаар горимын саналаар санал хураалт явуулна.
Ингээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хасах санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн УИХ-ын даргыг чөлөөлөх тухай асуудлыг шуурхай шийдээд явах нь зөв гэсэн горимын санал гаргахад Д.Лүндээжанцан гишүүн “Яг миний гар дээр 39 гишүүний гарын үсэгтэй тогтоол ирээгүй байна. Хэрэв 25-ны өдөр өргөн баригдвал ТББХ-г хуралдуулж, 10:00 цагаас нэгдсэн чуулган хуралдах боломжтой юм гэсэн төсөөлөл байгаа гэдгээ хэлсэн.Манай албан дээр 10 асуудал хэлэлцэгдэхээр хүлээж байна. Тэгэхээр манай байнгын хороо дор хаяж гурван удаа хуралдах юм байна. Эхлээд УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар, дараа нь 10 асуудал, тэгээд УИХ-ын шинэ даргын асуудлыг хэлэлцэх юм байна гэсэн төсөөлөлтэй байгаа. Манай байнгын хорооны гадаад, дотоодод яваа гишүүд бүгд ирээрэй гэдгийг энд хэлчихье” гэлээ.