Хашгираан

ШАРХ ҮЛДЭЭСЭН ҮХЭЛ

УРЛАГ СУДЛААЧ ЭСҮ, Б. СЭРГЭЛЭН /PHD/

Ээж нь Эдвард Мункийг таван настай байхад нь сүрьеэгээр таалал төгсөхдөө хүүхдүүддээ зориулан шашны утгатай захиас бичин үлдээжээ.Энэ захиасыг лютеран шашны фанат аав Кристиан нь хүүхдүүддээ байнга уншиж өгдөг байлаа.Там болон сүнснүүдийн тухай энэ өгүүлэл хүүхдүүдийг үргэлж айдас дунд байлгадаг байв.Аавынх нь цочир уур хилэн айдас дээр айдас нэмж Эдвард болон эгч дүүсийнх нь бага насыг жинхэнэ там болон хувиргав. Норвегийн зураач Эдвардын “Өвчин, үхэл, галзуурал хэмээх хар ангелууд /тэнгэрийн элч/ өлгийтэй байхаас бүхий л амьдралын минь турш намайг дагасан… Шөнө бүр хүйтэн хөлстэй сэрж “би чинь тамд байгаа юм биш биз дээ” хэмээн өөрөө өөрөөсөө асуудаг байлаа хэмээн бичсэнээс нь түүний бага насны тамын амьдрал харагддаг. Үүнээс есөн жилийн дараа Эдвардын хамгийн хайртай, цорын ганц эгч Софи нь сүрьеэгээр өвдөж нас барав.

Тэр өвчиндөө шаналан тарчлан дэмийрч, элийрэх бүртээ “Намайг авраарай” гэж дүүгээсээ гуйна. Ингэх бүрт харанхуй, шашинд хэт донтогч эмч аав нь 15 настай охиноо шашны дуу дуулж гэмээ цайруулахыг шаардан “диваажинд хүрэх замыг” нь засдаг байв. Үүнийг харах болгондоо Эдвард Мунк эгчийгээ өрөвдөн аав, бурхан хоёрыг хараан зүхэж, үзэн ядаж байлаа. Энэ гэр бүлийн түүх тэр чигээрээ хараагдсан мэт байсан юм. Мункийн ээж 30 настайдаа, эгч Софи нь 15, дүү Андреас нь хуримынхаа дараахан нас барж дүү Лаура нь сэтгэл мэдрэлийн өвчтэй гэсэн оноштой үлджээ. Ингэр хэмээх дүү нь л ганцаараа эрүүл байсан бөгөөд Мункийн олон хөргийн эзэн болсон юм.

Эдвард Мунк эгчийнхээ өвчин шаналал үхлийн тухай 1886 онд бүтээсэн “Өвчтэй охин” бүтээлдээ тусгасан байдаг. Мунк 22 настайдаа энэ зургаа зурсан юм. Тухайн үедээ амтай бүхэн түүнийг муулж байлаа.Энэ бүтээл хожим нь Норвегийн дүрслэх урлагийн түүхийн хамгийн ховор бүтээлд тооцогдсон. Зураач уг бүтээлийнхээ тухай “Энэ бүтээлийнхээ нөлөөн дор би ихэнх бүтээлүүдээ туурвисан” хэмээн бичсэн байдаг.Өвчин, үхэл бол Мункийн урлагийн хамгийн чухал сэдэв юм.Тэрээр энэ сэдэвтээ арав арван жилийн зайтайгаар нийт таван удаа эргэн орсон юм. Мунк үхлийн сэдэвтэй олон бүтээл туурвисан бөгөөд эдгээрээс нь “Үхсэн эх болон хүүхэд” (1897-1899), “Нас барагчийн дэргэд” (1895), “Хавар” (1889) зэрэг бүтээлүүдийг олонх нь мэддэг. Тэр 1889 онд Парист байхдаа уран бүтээлийнхээ кредог “Би юм нэхэж буй эмэгтэй, ном уншиж буй эрэгтэйчүүдтэй уйтгартай интерьер бичмээргүй байна.

Би амьсгалдаг, шаналдаг, хайрлаж чаддаг тийм амьд хүмүүсийг л бүтээлдээ гаргана” хэмээн бичиж байжээ. Эдвард Мункийг заримдаа бага наснаас нь харамламаар санагддаг.Гэвч түүний бага нас ийм жихүүдэс төрөм байгаагүй бол хэзээ ч энэ “үнэн экспрессионизм” төрөхгүй байсан байх гэсэн хатуу үнэнийг ухаардаг.Тэр хэзээ ч өөрөөс нь хол орших тэр аз жаргалыг бичээгүй, харин өөрт нь танил үхэл, депресс, хайрыг бүтээлдээ харуулсан.Тиймээс түүний урлагт бялдуучлал гэж үгүй.Бялдуучлал үгүй учраас түүний урлаг хамгийн “үнэн” байдаг.

ӨӨР МАДОННА

Мункийн хайр дурлалын бүх түүх түүний сэтгэлд том шарх сорвийг үлдээсэн юм.Амьдралд нь олон эмэгтэйчүүд байсан ч жинхэнэ хайр сэтгэлээрээ хань болох эмэгтэйтэйгээ учраагүй.Мункийн анхны хайр нь Милли Таулау хэмээх нөхөртэй эмэгтэй байлаа.Залуухан Мунк түүнд ухаангүй хайртай төдийгүй маш ихээр харддаг байв.Удалгүй Миссис Таулау ч өөр залууд дурлан түүнийг хаяж явсан билээ. Удалгүй Мунк Парис, Берлинд амьдрах болсон юм. Германд байхдаа Польшийн зохиолч Станислав Пшибышевскийтэй дотно нөхөрлөсөн бөгөөд зарим нь тэдний үерхлийг гомофобий хэмээн харддаг. Мунк найзыгаа норвеги гаралтай Данья Пшибышевск гэдэг бүсгүйтэй танилцуулж Станислав ч түүнд маш хурдан дурлаж гэрлэцгээжээ. Гэвч Станислав Даньяд хурдан дурласан шигээ хурдан үзэн ядсан юм. Данья хэдэн жилийн туршид Мункийн жинхэнэ муза нь байлаа.Тэрээр түүний “Мадонна” /1895/, “Цус сорогч” /1894/, “Хардалт” /1895/, “Үнсэлт” /1897/ зэрэг хэд хэдэн алдартай уран бүтээлүүдэд натураар сууж байлаа.

Харамсалтай нь Даньяг 1901 онд түүнд дурласан Пшибышевскийн үнэнч шүтэн бишрэгч оюутан хөнөөжээ. Мадонна Мункийн “Мадонна” бол дундад зуун, сэргэн мандалт, XIX зууны үеийн Мадоннануудаас эрс ялгаатай. Өмнө нь Мадоннаг эхийн хайраар дүүрэн энэрэнгүй зөөлөн эмэгтэйн дүрээр илэрхийлдэг байсан бол Мункийн Мадонна дур хүсэл, хуял тачаалыг бадраах мөртөө хүйтэн, цэвдэг сэтгэл, эмэгтэй хүний “шулам” төрхийг харуулж чадахуйц дүр төрх юм. Энэхүү бүтээлийг Милли Таулаутай амрагийн харилцаатай байх үеийн дурсамжаар бүтээгдсэн гэж зарим судлаач үздэг. Магадгүй тиймээс л түүний Мадонна хүч чадалтай, “хүйтэн” боловч гайхалтай үзэсгэлэнтэй, тэр чигээрээ эротизм ханхалсан эмэгтэйн дүр төрх ч байж болох.

“БИ ХАРЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ БИШ БОДИТ ЗҮЙЛИЙГ БИЧДЭГ”

Мунк 1898 онд Матильда Ларсэнтэй танилцсан юм. Матильда буюу Тулла түүнтэй гэрлэхийг үргэлж хүсдэг байсан бөгөөд явсан газар бүрт нь хамт байлаа.Харин Мунк гэрлэхээс айж байв.Түүнд гэрлэхээс айх хоёр шалтгаан байсан юм. Гэрлэлт амьдралынх нь утга учир болсон урлагаас нь хөндийрүүлнэ гэдэг түүний нэг айдас. Тэр “Би ямагт урлагийг нэгдүгээрт тавьж ирсэн. Харин энэ замд минь садаа болох зүйл бол эмэгтэйчүүд гэдгийг би ойлгож, мэдэрдэг байлаа” хэмээн бичиж байжээ. Хоёр дахь том шалтгаан бол гэр бүлийнхнийх нь удамшлын өвчин. Сүрьеэ бас сэтгэл зүйн өвчин.Тэр энэ өвчнүүдэд өртөмхий, өвчнөөсөө болж хэд хэдэн удаа үхэхээ шахсан юм.

1902 онд Мункийн найзууд гэнэт Тулла үхчихлээ хэмээн “амьгүй биеийг” нь үзүүлжээ.Тулла үхээгүй байсан бөгөөд найзууд нь Мункийн сэтгэлийг хөдөлгөж хайрын галыг нь асаах гэж ийм төлөвлөгөө зохиосон байв.Төлөвлөгөө санаснаар бүтэж Мунк Туллатай хамт амьдрахыг санал болгосон ч морфиний үйлчлэл нь гараагүй бүсгүй татгалзсан гэдэг. Туллагийн энэ араншин, найзуудынхаа тоглоомонд сэтгэл нь хямарсан Мунк гартаа байсан бууны гох дээр санаандгүй дарж зүүн гарынхаа дунд хурууг гэмтээн сүүлд нь тайруулсан байна. Энэ түүхээ Мунк “Маратын үхэл” (1907) бүтээлдээ дүрсэлсэн байдаг.

Энэ явдлаас хойш тэр Туллатай дахин уулзаагүй юм.Тулла хоёр удаа нөхөрт гарсан ч жаргал амсаагүй явсаар сүүлд нь эксцентрик араншинтай архичин авгай гэж хэлэгдэн амьдралаа дуусгажээ. Тулла 1942 онд нас барахдаа Мункд дарсны агуулахынхаа хамгийн тансаг дарсуудыг өвлүүлэн үлдээсэн гэдэг. Туллагийн дараа Мунк Эва Мудоччи хэмээх хийлч бүсгүйтэй янаг амрагийн харилцаатай байсан ч бас л хайр дурлал болон үргэлжилж чадаагүй. Мунк Эваг “Саломея” /1903/ бүтээлдээ дүрсэлжээ.Үүнийг харсан Эва ихэд хилэгнэсэн байна.Эваг дүрсэлсэн бас нэгэн бүтээл бол “Зүүлт” /1903/ юм.Тэр энэ бүтээлийнхээ чулуун барыг Эвагийн гэрийн үүдэнд аваачиж тавиад “Миний сэтгэлээс унасан чулуу” хэмээн бичсэн захиа үлдээгээд явсан гэдэг.Мунк мэдээж Стрийнбэргийн адил жинхэнэ скандинав байв.Хайрын харилцаа нь хайр, үзэн ядалт дээр тогтож байсан бөгөөд эмэгтэй хүн түүний хувьд нэг бол Мадонна, үгүй бол завхай эм л байдаг байлаа.

ЧИМЭЭГҮЙ ХАШГИРААН

Хашгирч буй хүмүүс, орилж буй олныг түүнээс өмнө маш олон зураач дүрслэн үзүүлсэн боловч түүн шиг уг үзэгдлийн мөн чанарыг гаргаж чадсан зураач үгүй. Чухам үүнд л энэхүү бүтээлийн үнэ цэнэ оршдог. Хашгирах чимээ энэ зурагнаас сонсогдохгүй, гэхдээ тэр түгшүүртэй хашгирааныг мэдэрнэ.Тэр орчноос уу, эр эм нь үл мэдэгдэх жижигхэн хүний дүрсээс үү, хаанаас тэр түгшүүртэй хашгираан сонсогдоно вэ? “Нар жаргах үед би хоёр найзын хамт нарийхан замаар явж байлаа. Тэнгэр гэнэт цусан улаан өнгөтэй болж би маш их ядарснаа мэдрэн, гүүрний хашлага түшин зогсов. Тэгээд би хар хөх хавцлууд, хотын дээгүүр хөвөх дүрэлзэн асах мэт гал улаан үүлсийг ажиглан харав.Найзууд маань цааш явсаар байлаа. Харин би айдаст автан хамаг бие чичирч эргэн тойрны байгаль хэрхэн чангаар, үргэлжилсэн уртаар хашгирахыг мэдрэн зогсож байлаа” Эдвард Мунк 1892 оны өврийн тэмдэглэлдээ ийнхүү бичсэн байна.

Бүтээлд дүрслэгдсэн байгаль бол Кристиания /1924 оноос Осло/ хот.Бүтээлийг харахад гүүрэн дээгүүр явж байгаа юм шиг сэтгэгдэл төрнө. Гэхдээ энэ бол гүүр биш хотын захад оршдог зөрөг зам юм. Хотын энэ хэсэг Мункийн сэтгэлийг маш их хямраадаг байв.Тэнд олон хүн амиа хорложээ. Мункийн найз зохиолч Кайли Лохин энд өөрийгөө буудан хөнөөсөн юм. Бас энд оршуулгын газар, эмэгтэйчүүдийн сэтгэл мэдрэлийн эмнэлэг байдаг. Тэр үед Мункийн дүү Лаура энд эмчлүүлж байжээ.Энэ байшингийн ойролцоо явахад галзуу эмэгтэйчүүдийн орилох сонсогддог байсан гэдэг.Магадгүй ийм газраар зугаалж явсан мэдрэмтгий Мункд нар жаргах улаан тэнгэрийг хараад тийм сэтгэгдэл төрсөн байх. Ийнхүү 1893 онд Мункийн хамгийн нэртэй бүтээл төрөв.Тэр бүтээл нь эхлээд хар зураг, дараа нь төмөр бараар хийгдэж сүүлдээ уран зураг болжээ.

Нар шингэж байх үед ганцаардлаа мэдэрч байсан шигээ мэдрэмжийг уран зургаар илэрхийлэх боломжгүй юм шиг санагдсан учир үүнийгээ гаргах гэж их эрэл хайгуул хийсэн байна. “Хашгираан” бүтээлийг хар зураг, литогравюра, уран зураг гэх мэт олон янзаар хийж байж жинхэнэ сор бүтээл нь төрөн гарсан түүхтэй. Хүний дотоод сэтгэлийн хямрал, ганцаардал, айдас, түгшүүрийг эргэлдэх мэт улаан тэнгэр, хар хөх өнгийн далай, далайн эрэг, хуучин сүм, нүүр царай, хүйс, бариад авах биегүй жижигхэн хүний дүрсээр эрчимтэй хөдөлгөөнөөр “вибраци” оруулан илэрхийлжээ. Энэ нь Мунк ганцаардлаасаа гарах гарцгүй болсон мэт сэтгэл зүйн байдал, амьдралын утга учир үгүй болсон мэт сэтгэгдлийг төрүүлнэ.

Өдөр бүхэн өчнөөн олон хүнтэй зөрдөг ч сэтгэлээ нээж ярих хүнгүй, бухимдал, зовлон шаналал маань хэнд ч хамаагүй мэт ганцаардахад байдаг чадлаараа орилмоор, хашгирмаар үе бидэнд ч бас тохиолддог. Мунк энэ мэдрэмжийг бэлгэдлийн мөн экспрессионист байдлаар гаргасан нь сонирхолтой.Энэхүү бүтээлийг экспрессионист урлагийн “эхлэл” хэмээн үздэг. Түүний хөдөлгөөнтэй, улаан тэнгэр дараагийн уран зурагт нь ажиллагддаг. “Түгшүүр” бүтээлд улаан, хар хөх фон дээр нүүр царайгүй хүмүүсийг байрлуулсан байх бөгөөд тэд өөр хоорондоо ямар ч хамааралгүй амьгүй дүрсүүд, “ганцаардлууд” харагдана. Мункийг таньж мэдэх тусам түүнийг болоод түүний урлагийг улам ихээр ойлгодог.Зэрвэс харахад “аймшиг” төрүүлэм түүний бүтээлүүд бидэнд нэг л танил, зарим нэгэнд нь бүр дотно санагдана.

Түүний бүтээлүүдэд бидний мэдэх шаналал, ганцаардал, түгшүүр, хагацал, жаахан солиорол гээд сэтгэлийнхээ гүнд нуучихаад, гаргахаасаа айдаг тэр мэдрэмжүүд байдаг… яг л АЙДАС бол зэтгэрийн бүтээл гэдгийг батлах мэт. Сэтгэл санааны тогтворгүй байдал, замбараагүй амьдрал, архи, хар тамхи зэрэг нь Мункийг “булшилсаар” байлаа. Сүүлдээ түүнийг найзууд нь хороох гээд дагаад байгаа юм шиг санагдах болж, хий юм их хардаг болжээ. 1908 онд тэр доктор Якобсоны сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэв. Хэдхэн сар эмчлүүлж гарч ирээд тэс өөр хүн болон хувирсан байлаа.Энэ үеэс түүний урлагт психологизм гээгдэж эхэлсэн юм.Сүүлийн гучин жилийн бүтээлүүд нь гэрэл гэгээтэй амьдралыг илэрхийлэх болж нэр нь алдаршсаар, энгэрт нь олон одон медалиуд зүүгдсээр, тэр улам ганцаардсаар байлаа.

Амьдралынхаа сүүлийн жилүүдийг Мунк ганцаараа тосгонд өнгөрүүлж байгаад 1944 оны нэгдүгээр сарын 23-нд буйдан дээрээ таалал төгссөн юм. Түүний гарт Достоевскийн “Бесы” зохиол байсан гэдэг.Эдвард Мунк бол зөнч, цаг үедээ ойлгогдоогүй ирээдүйн уран бүтээлч байсан юм. Тулуз Лотрек дүрслэх урлагийг шинэчлэгчдийн нэг байсан боловч тэрээр XIX зуундаа үлдсэн. Харин Эдвард Мунк “Хашгираан”-тайгаа XXI зуунд орж ирэн өнөөдөр ч хамгийн орчин үеийн зураачдын нэг байсаар байна. Түүний зовлон бидний зовлонтой ямар адилхан юм бэ? Хүн төрөлхтөн түүний уран бүтээлийг XXI зуунд л ойлгож, дахин нээсээр…

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн