Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Далан” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 23 км-т/ “Булган” голд халиа үүсчээ. Үүний улмаас 5 өрхийн гэр, хашаа усанд автаж болзошгүй байна гэсэн дуудлага өчигдөр (2019.01.24) 09:30 цагт ирж, дуудлагын дагуу Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагынхан нийт 44 хүн 11:00 цагт очиж, малчин Ч, Т, О, Ч, Г нарын 5 өрхийн гэр, эд хогшил, 21 том хүн, 4 хүүхэд, 1600 толгой малыг тус сумын Алагтолгой багийн төв рүү нүүлгэн шилжүүлж, аюулгүй болгожээ.
Үүнтэй холбогдуулан тус сумын Засаг дарга өчигдөр захирамж гаргаж “Булган” голын эрэг дагуу, эрсдэлтэй газар өвөлжиж байгаа малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа юм байна.
Өмнө нь мөн 50 гаруй айл өрх, тэдгээрийн өвөлжөө бууц усанд автаж, тухайн үед аймаг, сумын Онцгой комиссын шийдвэрээр нүүлгэн шилжүүлэх хүртэл арга хэмжээ авч байсан. Тиймээс тус сумын удирдлагууд Алагтолгой багийн “Гадар хөвөө” гэх газарт 1,5 км шуудуй татан тухайн газрын усны гольдролыг өөрчилж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байжээ.