“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье’’ арга хэмжээний хоёрдугаар үе шатны нээлтийг хийлээ. Нэгдүгээр шатыг өнгөрсөн онд зохион байгуулж 11 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хиам, зайдас, элэгний нухаш, талх, нарийн боов, хоол зэрэг нийт 46 нэрийн бүтээгдэхүүнд агуулагдах давсны хэмжээг дунджаар 29.4 хувиар бууруулжээ. Давсны өндөр хэрэглээ даралт ихсэх, тархинд цус харвах, чихрийн шижин, яс сийрэгжилт, шалтгаан нь тодорхойгүй хаван, таргалалт зэрэг өвчний шалтгаан болж байгааг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нээлтийн үеэр хэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрсэн хүн хоногт таван грамм давс хэрэглэхийг зөвлөдөг ч Монгол Улсын хүн амын 83.2 хувь нь үүнээс их хэмжээний давс хэрэглэдэг байна.
Иймд 2015 онд Засгийн газрын 353 дугаар тогтоолоор Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг баталсан. Үүнд 2025 он гэхэд хүн амын давсны хэрэглээг 30 хувиар бууруулах зорилт тавьсан. Энэхүү зорилтыг биелүүлэх нэг алхам нь тус арга хэмжээ гэдгийг албаныхан онцолж байлаа. “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье’’ арга хэмжээг 2018-2020 онд хоёр үе шаттайгаар ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МХЕГ, Монголын хүнсчдийн холбоо, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран хэрэгжүүлж байгаа юм. Иймд мэргэжпийн хяналтын байгууллага Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд зах зээлд худалдаалж буй иоджуулсан давсны хаяг шошго, сав баглаа боодолд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхээр төлөвлөжээ.
С.Юмсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин