Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдааны хугацааг сунгах тухай саналаа УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлээд буй. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын хавар, намрын чуулган нийт 50-иас доогүй удаа хуралдахаар заасан байдаг. Харин зарим гишүүдийн бойкот чуулганы хуралдааныг 40 хоног тасалдуулж, хуулиар заасан тоондоо хүрсэн эсэхэд эргэлзээ үүсээд буй. Одоогоор нийт 23 асуудал хэлэлцэхээс ердөө таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлээд байгаа юм. Ерөнхийлөгчийн саналыг зөвшөөрөх эсэх нь УИХ-ын даргаас л хамаарна. Учир нь хуулийн дагуу УИХ-ын чуулганы хугацааг сунгах эрх зөвхөн түүнд л бий аж. Тэгвэл чуулганыг үргэлжлүүлэх үү, хаах уу гэсэн асуудлаар зарим гишүүдийн байр суурийг сонслоо. Тухайлбал,
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы гуравны нэг олон хоногоор чуулгандаа суугаагүй бол эгүүлэн татдаг өөрчлөлт хийсэн. Гэтэл чуулганы хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэр бүхий гишүүд намрын чуулганыг тасаллаа шүү дээ. Ажлаа хийж байгаа гишүүд нь хохироод улс төр, популизм хийсэн нөхдүүд нь хожоод байж болохгүй. Чуулганы хуралдааныг сунгаж хуралдуулах талаар нэг бус гишүүний саналыг сонссон. УИХ-ын чуулган Дэгийн хуулийнхаа хүрээнд тогтоосон цаг хугацаандаа л хуралдах ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүн хүссэн үедээ таслаж байдаг, хэн нэгэн хүн хүссэн үедээ сунгаж байдаг асуудал биш.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-УИХ-ын даргыг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар л сунгах, сунгахгүйн тухай яригдаж байгаа. Хэрэв энэ асуудал шийдэгдээд Их хурлын үйл ажиллагаа доголдоод байсан асуудал гацаанаас гарчих юм бол хуулийн дагуу хугацаандаа хаах боломж байгаа гэж харж байгаа. Ер нь хэлэлцэх шаардлагатай хуулиуд бий. Энэ долоо хоногтоо батлагдчих байх. Тухайлбал, манай салбарын Эрчим хүчний хууль өнөөдөр хэлэлцэгдэхээр жагсаалтад орсон байгаа. Энэ мэтээр хуулиудаа хэлэлцээд дуусчих байх. Нийт 50 удаа чуулган хуралдах ёстой хугацаа нь болчихсон юм билээ. Хуулийн дагуу бол завсарлахад болохгүй зүйл байхгүй. Хэлэлцэх шаардлагатай асуудлууд гэх юм бол түрүүний хэлсэн асуудал байна. Мөн санхүүгийн шинэ жил эхэлж байгаа учраас төрийн албаны цол, дэв зэрэгтэй нь холбогдуулаад цалин хөлсний нэмэгдлийн асуудлыг шийдэх шаардлагатай. Энэ мэтийн хуулиудаа завсарлахаас өмнө зайлшгүй шийдэх ёстой.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
УИХ-ын чуулганы хуралдааныг сунгах, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эрх зөвхөн УИХ-ын даргад хадгалагдаж байдаг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад чуулганыг сунгах уу, эсвэл ээлжит бус чуулган зарлах уу гэдгийг дандаа даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлээд явж байгаа. Ээлжит чуулган долоон удаа хойшиллоо. Үндсэн хуулин дээр УИХ-ын ээлжит чуулган 50-иас доошгүй удаа хуралдсан байх ёстой гэсэн заалттай. Энэ бол нэгдсэн хуралдаан, мөн байнгын хорооны болон ажлын хэсгийн хуралдааныг оруулж байгаа гэж ойлгож байгаа. Хэдийгээр чуулган долоон удаа хуралдаж чадаагүй ч байнгын хороод, ажлын хэсгүүд хуралдаж, УИХ-ын үйл ажиллагаа тасалдалгүй үргэлжилж байсан.
Ер нь УИХ-ын дэгийн хуулинд өөрчлөлт оруулах цаг нь болсон байна. Гишүүд сайн дураараа, тааллаараа УИХ-ын чуулганы хуралдаанд ирдэг, тасалдаг, байнгын хорооны хуралд оролцдоггүй асуудлууд байгаа учраас энэ нь хариуцлага алдаж байгаа, ард иргэдийнхээ өмнө тангарагаа өргөж, үүргээ биелүүлэх ёстой гишүүдийн сахилга, хариуцлага, ёс зүйг сайжруулахаар дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна. Дэгийн тухай хууль зөрчсөн хэд хэдэн тохиолдлууд гарлаа. Жишээлбэл, ХХААХҮ-ийн сайдыг 30 хоногоос нь хэтрүүлээд томилчихлоо. Засгийн газрын хоёр гишүүнийг долоо хоногийн дотор тухайн харьяалсан байнгын хороо хэлэлцэх ёстой. НББСШУ-ны байнгын хороо хуралдаад Ц.Цогзолмаа сайдыг чөлөөлөхийг дэмжчихсэн. Харамсалтай нь Эдийн засгийн байнгын хороо хуралдахгүй, ЗТХ-ийн сайдыг өдий болтол чөлөөлөхгүй байна.
Чуулганы хугацааг сунгах шаардлага байгаа гэж би үзэж байгаа. Намрын чуулганаар хэлэлцэх ёстой хамгийн чухал гурван хуулиа /Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт/ хэлэлцэх эсэхийг нь ч шийдэж чадсангүй. Цаашдаа наад зах нь чуулганыг 14 хоног сунгах шийдвэрийг даргын зөвлөл гаргах юм бол дээрх гурван хуулийг хэлэлцэх шаардлагатай.