УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.01.24) хуралдаанаар “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд төрийн алба данхгар бүтэцтэй байга гэдгийг санал нэгтэйгээр батлан хэлж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авах үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт энэ төсөлд УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар гэчихээд Дээд шүүх, УЕП байхад яагаад АТГ ороогүй талаар асуусан юм.
Үүнд хариулсан УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хэлснээр Төрийн зарим байгууллагын гэж орж ирсэн төслөөрөө АТГ тусгагдаагүй аж. Гэхдээ үүнийг дүйцүүлэх, адилтгах зарчмаар шийдээд явах ба өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуульд заасан, мөн энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор албан тушаалын ангилал, зэрэглэл, цол, зэрэг дэвийн асуудлыг нэмэгдэл олгох журам гэж Засгийн газраас батлагдана. Үүнд адилтгах байдлаар тусгаад явах юм байна.
Төрийн өндөр албан тушаалтны ангилал, зэрэглэлийн дөрөвт АТГ-ын дарга багтаж байгаа бол дэд дарга нь V зэрэглэлд багтаж байгаа гэнэ. ТӨА гэж Төрийн тусгай албан хаагч юм. Тэгэхээр дүйцүүлэх, адилтгах байдлаар явна гэж ойлгох учиртай гэсэн тайлбарыг өгсөн юм.
Мөн одоогоор манай төрийн албаны нэг хүний хийх ажил дээр 5 хүн байгаа гэнэ. Яг хэрэгтэй газар нь хүн нь байхгүй, хэрэггүй газраа хүн илүү гарчихаад байдаг гэдгийг хэд хэдэн гишүүд хэлсэн.
Хөгжингүй орнуудын төрийн албан хаагчдыг хүн амтай нь харьцуулахад 100 иргэн тутамд 1 төрийн албан хаагч ногддог бол манайд 13 иргэн тутамд 1 төрийн албан хаагч ногддог байна. Тиймээс л энэ их өндөр зардлаа дийлэхгүй байгаа юм гэж М.Билэгт гишүүн хэлэв. Дэд бүтцийн яам гэхэд дөрвөн яам болчихоод, нэг яаманд 100 хүнтэй ажилладаг байсан бол одоо 400 хүн болгочихоод байгаа юм байна.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн Лүндээжанцан дараах тайлбарыг өглөө. Тэрээр “13 хүн тутамд 1 төрийн албан хаагч ногдож байна гэлээ. Энэ чинь төрийн албан хаагч биш ээ. Сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан, эрүүл мэндийн, соёл урлагийн, шинжлэх ухааны салбар бүгд орчихоод байгаа гэдгийг хэлье. Уг нь 10 хүүхдэд 1 багш ногддог бол сайн байна. Энэ хоёрыг ялгаж салгаж ойлгооч гэж би хичээнгүйлэн хүсч байна. Мэдээж төрийн албыг данхайлгахгүй байхын төлөө явна. Төр үүссэн цагаас хойш төрийн алба, хүнд суртлын аппаратыг багасгахын төлөө 2500 жил хөөцөлдөөд одоохондоо бараагүй байна. Гэхдээ дэвшил гарч байгаа. Жишээ нь Финьляндын хотын захиргаанд бараг хүн байхгүй. Яагаад гэвэл бүх үйлчилгээ нь цахимж хэлбэрт шилжчихсэн учраас тийм бага байдаг юм байна. Ер нь бүх юм хүний хамаарал багасаад, хууль тогтоомж нь тодорхой болоод, иргэд үйлчилгээгээ цахимаар аваад хэвшсэн газруудад бужигнаад байдаггүй юм байна. Харин бүх л сектороо хувийнх болгодоггүй л юм бол дээрх салбарын ажилтнууд байсаар байх болно гэдгийг хэлэхээс аргагүй байна” гэлээ.
Ийнхүү “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББайнгын хороонд шилжүүлэв.