БНСУ-ын Кёнг Бук мужийн Йечон тосгоны иргэн амьтанд хазуулж нас барсан хэрэг гарчээ. 65 настай тэрээр өчигдөр (2019.01.23) үдээс хойш ууланд мод түүхээр явсан байна.
Тосгоныхон түүнийг ирэхгүй удсан тул хайхаар уул руу гарахад бүх биеийг нь ямар нэг амьтан хазсанаас амьсгал хураасан байдалтай байхад нь олжээ. Түүний ойр хавьд зэрлэг гахай үзэгдсэн бөгөөд олон хүнээс үргэн уулын гүн рүү зугатан одсон аж.
Цагдаагийн газраас шинжээчид ирж шалгаад хазуулсан шарх болон орчны нөхцөл байдлын дүгнэлтээр зэрлэг гахайн дайралтад өртсөн болохыг нь тогтоожээ.
Мөн өчигдөр үүрээр 04:00 цагийн орчимд Пусан хотын нэгэн орон сууцны хорооллын подвалын давхарт байрлах машины зогсоолд зэрлэг гахай байна гэх дуудлага цагдаагийн газарт иржээ. Цагдаагийн албан хаагчдыг очиход хүн хараад үргэсэн зэрлэг гахай подвалын 2 давхар руу буухдаа нэгэн машины дээр үсэрч машиныг эвдээд, зогсоолоос гарч алга болсон байна.
Цагдаагийн газраас “Бид орон сууцны подвалд зэрлэг гахайг барих оролдлого хийсэн ч чадалгүй алдсан. Хотын хаа нэгтээ тэнүүчлэн яваа мэдээлэл ирж байна. Иймд бид аврах анги болон зэрлэг амьтан хамгаалах газруудтай хамтран нэгжлэг хийж байна” гэж мэдээлжээ.
2 comments
tanhai gahai be
Өөр бичих юм алга уу ?? Сэтгүүлчээ улс орон ухаангүй хүмүүсээр дүүрчээд б.на.