Монгол Улс газрын доорхи баялагаараа дэлхийд тэргүүлдэг. Гэвч энэ баялагийнхаа бараг 97 хувийг гадаадынханд ашиглуулдаг гэсэн мэдээлэл бий. Манай орны стратегийн гол ордууд гэж тодорхойлоод байгаа газрын доорхи баялагыг гадаадын ямар компани эзэмшиж ашиглаж байгааг дараах мэдээллээс харж болно. Энд найман ордыг л авч үзлээ. Ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон ордуудын тусгай зөвшөөрлийг хаанахын хөрөнгө оруулалттай, ямар аж ахуйн нэгж эзэмшдэг тухай мэдээллийг манай сонин үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Газрын тосны бүтээгдэхүүнийг Хятадууд зөөсөөр л
Манай оронд газрын тосны 13 том сав газар байдаг гэсэн судалгаа бий. Одоогоор хоёр сав газарт олборлолт хийж байна. Тамсагийн сав газрын хайгуулын “Тосон-Уул 19”, “Матад-20”, “Тамсаг-21”, “Буйр-22” талбайд Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа төрийн өмчит “Дачин Ойл Фийлд Лимитед” компани нь 2005 оны наймдугаар сард Тамсагийн сав газрын XIX, XXI, XXII гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах БХГ-ний эрх үүргийг АНУ-ын “СОКО Интернейшнл” ХХК-иас шилжүүлэн авчээ.
Ингээд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг Монгол Улсад байгуулан Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт газрын тосны олборлолт явуулж байна. Мөн Дорноговийн сав газрын Зүүнбаянгийн дэд сав газрын талбайнуудад БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос Монгол” ХХК олборлолт явуулдаг.
Баргилтын төмрийн хүдрийн орд
Тус орд нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт, Улаанбаатар хотоос 280 км, Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрээс 18 км зайд оршдог. Эрэл геофизикийн цогцолбор экспедици 1984-1987 онд эрлийн ажил хийх явцдаа төмөр болон дагалдах бусад элементүүд, төмрийн хүдрийн чанарыг ордын хайгуулын үед тавигддаг шаардлагын хэмжээнд бүрэн судлаагүй гэсэн шалтгааны улмаас улсын нэгдсэн бүртгэлд аваагүй байна.
Тухайн үед нөөцийг C2=31 сая тонноор тооцож байжээ. Баргилтын овооны төмрийн хүдрийн илрэлийн үндсэн хэсгийг бүхэлд нь Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл эзэмшдэг. 2009-2010 онд ордын хайгуулыг хийж, нөөцийг батлуулжээ. Нийт таамагласан нь 43 сая тонн, үүнээс батлагдсан нь 23 сая тонн. ТЭЗҮ хийлгээд, одоо ашиглахаар ажиллаж байна.
Харин хүдрийн биетийн зүүн хэсэг Ү-С, Yl-С блокуудад “Голден зеүн интернэшнл” ХХК хайгуул явуулж байгаад ашиглалтын тусгай зөвшөөрлөө Хятадын хөрөнгө оруулалттай “Лут чулуу” компанид шилжүүлсэн байна. 84 га талбайг хамардаг тус компанийн төмрийн хүдрийн уурхай өрөмдлөг-тэсэлгээ-эксковаци-тээвэрлэлт-гадаад овоолго гэсэн дамжлагаар, хуурай баяжуулалтын аргаар жилдээ 250 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал боловсруулан экспортолдог байна. Мөн “Цахир цагаан гол” компани энэ орд дээр 1283.75 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авчээ.
Нарантолгойн алтны орд
Төв аймгийн Жаргалант сумын нутагт Улаанбаатар хотоос 120 км зайд оршдог. Герман-Монголын хамтарсан экспедици 1974-1980 онд Нарантолгойн алтны үндсэн ордод хайгуул хийж, нөөцийг B+C1-3158.5 кг C2-5219.2 кг гэж тооцсон байна. Алтны ордтой Нарантолгой уул нь сумын төвөөс таван километрийн зайтай, тариалангийн талбайн дунд оршдог, 375 га газрыг хамардаг. Бороогийн салбар орд болох Нарантолгойн алтны уурхайн лицензийг 1997 онд анх “Бороо гоулд” компани авчээ. Т
үүнээс хойш дөрвөн ч удаа зарагдсан. Хамгийн сүүлд Хятадын хөрөнгө оруулалттай “Тэн Хун” компани 2005 онд “Восток эрдэс” компаниас лицензийг шилжүүлэн авахдаа үйлдвэрлэл явуулах тусгай зөвшөөрлийг ч давхар эзэмшсэн байна. “Тэн Хун” нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг БНХАУ-ын “Зижин Майнинг” группын хөрөнгө оруулалттай компани юм. “Зижин Майнинг” нь алтны үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг компанийн нэг. Нарантолгойн алтны орд 22 тн-ын нөөцтэй. “Тэн Хун” компани 15 жилийн турш ашиглахаар тооцоолжээ. Жилдээ 300 тн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэртэй. Одоо ашиглаж байгаа.
Тавтын алтны орд
Тавтын орд нь алт-мөнгө-зэсийн агуулгатай кварцын судал агуулсан үндсэн ордоос бүрддэг. Тус орд Улаанбаатар хотоос 540 километрийн зайд Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт оршдог. Тавтын алтны ордыг 1986-1988 онд Оросын геологичид нээж, 130 тонн алтны хүдэр, 370 тонн мөнгө болон нэлээд их хэмжээний зэсийн нөөцтэй гэж тооцоолжээ. Нөөцийн тооцооллоор Тавт ордод C1+C2-1647 кг алт бий гэдэг. Тус орд “Эм энд Даймонд” Монгол-Оросын хамтарсан компанийн эзэмшилд байдаг.
Тус компани 1996 онд байгуулагдсанаас хойш ОХУ-ын Буриад улстай хил залгаа Булган аймгийн нутаг дэвсгэрт орших Тавтын орчимд 1781А дугаарын эрэл хайгуулын лиценз авчээ. “Эм энд Даймонд” компани их хэмжээний өрөмдлөгийн ажил гүйцэтгэснээр 5.6 тонн алт, 25 тонн мөнгө болон нэлээд их зэсийн нөөцийг нэмж баталсан. Өрөмдлөгийн үр дүнд алтны агуулгыг 7.8 гр/т, мөнгө 45 гр/т ба зэс 1.3 хувь гэж тогтоожээ.
“Эм энд Даймонд” компани нь Малайзын “Rimbunan Hijau Group”-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Би Эйч Эм” компанитай “Тавтын алт” алтны үндсэн орд газрыг хамтран ашиглах гэрээг 2002 онд байгуулсан байдаг. Тэд энэ ордыг “Эм энд Даймонд” компаниас 20 жилийн хугацаагаар гэрээ байгуулан авсан байна. Нэг жилд 350 шахам кг алт олборлох нөөцтэй гэсэн хайгуулын дүгнэлт бvхий энэ орд газарт “Би Эйч Эм” компанийнхан нэг сая шахам ам.долларын хөрөнгө оруулж, өндөр хүчдэлийн шугам хvртэл татсан аж.
Төмөртолгойн төмрийн хүдрийн орд
Дарханы төмөрлөгийн үйлдвэр төмрийн хүдрийн гурван орд газрыг эзэмшдэг. Түүний нэг нь Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Төмөртолгойн төмрийн хүдрийн орд юм. Энэ ордыг Оросын геологич Н.Гилева, В.Малышев, И.Полыщук нар 1960 онд судалжээ. Төмөртолгойн орд дахь хүдэр дунджаар 57.19 хувийн төмрийн агуулгатай. Нөөцийг нь В+С1=21.3 сая.тн гэж тогтоожээ.
Төмөртолгойн ордыг 2005 оноос Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшиж байгаа юм. Түүнээс өмнө “Хар мөрөн-Монгол” хэмээх Хятадын компани эзэмшиж байжээ. Эхлээд хайгуулын эрхээр өгсөн ч сүүлдээ ашиглалтын лиценз болж хувирсныг нь АМГТХЭГ-ын дарга Лу.Болд цуцалж, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрт Төмөртолгой уулын ордын лицензийг шилжүүлсэн байна.
Тус ордыг 2009 оны наймдугаар сараас эдийн засгийн эргэлтэд оруулснаар ашиглалтын үйл ажиллагаа явуулж, жилд нэг сая тонн хүдэр олборлож, хуурай соронзон аргаар баяжуулаад 650 мянган тонн баяжмал боловсруулж олборлосон хүдрээсээ урд хөрш рүү гаргаж байна.
Лугийн голын газрын ховор элементийн орд
Уг орд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байдаг. Манай улсын хувьд газрын ховор элементийн судалгааг 1985 оноос ЗХУ /хуучин нэрээр/, Польш улстай хамтран хийж эхэлсэн байна. Лугийн голын ордод Монгол-Польшийн хамтарсан экспедиц нарийвчилсан эрэл хайгуул хийжээ. Тухайн үед уг ордыг нийлбэр ислээрээ 12 мянган тонн газрын ховор элементийн нөөцтэй гэж тогтоож байжээ.
Гэхдээ харьцангуй сайн судалсан ч батлагдсан нөөц нь үйлдвэрлэл явуулах, үр ашгийг нь хүртэх боломжтой эсэхийг эцэслэн тогтоогоогүй байна. Хонконгийн хөрөнгө оруулалттай “Рео” компани манай улсын газрын ховрын ордын хэмжээнд судлагдсан дөрвөн орд дээр дөрвүүлэнд нь хайгуул хийжээ. Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Халзанбүргэдэйн ордод хайгуул хийж, нийт 6.6 орчим сая тонн газрын ховор элемент байх магадлалтай гэсэн тойм судалгаа гаргажээ.
Тэд 2005-2009 онд Лугийн голын ордын судалгааны ажилд 3.6 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ хайгуулаар 500 мянган тн газрын ховор металын хүдэр, 13.5 мянган тн ренийн оксид байгааг тогтоожээ. Мөн лантан, цери, празеодим, неодим, самари, европи, гадолини асар ихтэй дэлхийд томоохон орд гэж дүгнэжээ. Энэ ордыг Японы “Сүмитомо” корпорацийнхан ирж сонирхоод, тодорхой шийдэлд хүрэлгүй төслийн хугацаа нь дууссан байдаг. Хятадууд мөн судалгаа хийх зорилгоор ирж, дээж аваад явжээ. “Солонгосын “Реалкокореа” ХХК Лугийн гол дээр 2008 онд тусгай зөвшөөрөл авсан гэдэг мэдээлэл бий.
Улааны цайр, хар тугалгын орд
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Улааны хар тугалга, цайрын ордын нарийвчилсан хайгуулыг ЗХУ-ын /хуучин нэрээр/ уул уурхайн яамны харьяа Геологи хайгуулын газар хийж, 1986 онд нарийвчилсан хайгуулын ажлын тайланг гаргажээ. Ордын нөөцийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Уул уурхайн нөөцийн Улсын комиссын 1989 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 33 тоот шийдвэрээр баталсан байдаг. Баталсан нөөцөөр бол тус ордод 38826.5 мянган тонн цайрын хүдэртэй. Үүнээс 50 хувийн агуулгатай 738 мянган тонн цайрын баяжмал гаргаж авах тооцоо хийжээ.
Хар тугалга 165-424 мянган тонн, мөнгө 652-2047 тонн, алт 3661-8069 кг, зэс 8953-28601 орчим тонн бий. Мөн газрын ховор элементэд орох кадми 1124-3867 тонн, селен 91-272 тонн, теллур тэргүүтнүүд 98-272 тонн байгааг тухайн үед геологчид тогтоож байжээ. Бас ураны 250 гаруй тонн нөөцийг баталгаажуулсан байдаг. Энэхүү асар их нөөц баялаг бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг одоо БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК эзэмшдэг. Анх ордыг “Азиа Фарист” компани эзэмшиж байгаад 2004 онд “Шинь шинь”-ийн мэдэлд шилжин иржээ.
Ордын нөөцийг улсын төсвийн хөрөнгөөр тогтоосон учраас улсын төсвийн хөрөнгийн нөхөн төлбөрийн гэрээ хийсэн байна. Улсын төсвөөс хайгуулд зарцуулсан 1.3 сая ам.долларыг 2007 оны нэгдүгээр сард бүрэн төлж дууссанаа компанийн удирдлага мэдэгдсэн байдаг. “Шинь шинь” нь Улааны холимог металлын орд газарт цайрын баяжуулах үйлдвэр барьж буй. Техник, эдийн засгийн үндэслэлд тусгаснаар энэ үйлдвэр өдөрт 3000 тонн хүдэр баяжуулж, жилд 900000 тонн металл авахаар төлөвлөжээ. Хүдрийнх нь агуулга хар тугалга 1.31 хувь, цайр 2.71 хувь, мөнгө 59.46 г/тн байхаар тооцжээ.
Жилд хар тугалга 10021 тонн, цайр 20975 тонн, мөнгө 26746 кг-ыг гаргана. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 55 сая ам.доллар байхаар тооцсон байна. “Шинь шинь” компанийн хувьд олон таагүй мэдээ сонстдог, монголчуудад тун ч нэр хүнд муутай компаниудын нэг. Ордын 1989 онд тогтоогдсон нөөцүүдийг ихээхэн багасгаж дарсан ТЭЗҮ-гээр үйл ажиллагаа явуулдаг, ашигт малтмалыг сорчлон ашигладаг, цайр, хар тугалгаас бусад нөөцүүдийн ашиглалтын асуудлыг ТЭЗҮ-дээ тусгаагүй, хөрсөнд хортой уусмал шингээсэн, ураны олборлолтыг хууль бусаар явуулж буй гэсэн хэл ам энэ компанийг үргэлж дагасаар ирсэн.
Цавын цайр, хар тугалгын орд
Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг Цавын орд нь манай улсын цайр, хар тугалгын томоохон ордын нэг. Энэ ордоос 123 мянган тонн цайр олборлох тооцоо гаргасан байдаг. Цавын ордын лицензийг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шанлун” компани эзэмшдэг. Ашиглалтын лицензтэй тул олборлолт явуулж байгаа. “Шанлун” 2003 оны долдугаар сарын 28-нд 6098А тоот лицензийг авчээ. Өнөөдрийн мэдэгдэж байгаа нөөц нь 3.5 сая тонн хүдэр, 226.2 мянган тонн хар тугалга, 123.3 мянган тонн цайр, 881.9 тонн мөнгө, 5.6 тонн зэстэй.
Үндсэн болон дагалдах металын агуулга: цайр 3.4 хувь, мөнгө 150 г/тн, алт 0.8 г/тн, зэс 0.3 г/тн, хүхэр 5.22, висмут 0.012, кадмий 0.0012 хувь гэж тогтоожээ. Социализмын үед оросууд энэ ордын ихээхэн нөөцийг тогтоон уурхайн ажлыг эхлүүлсэн байна. Үүнийг хятадууд үргэлжлүүлэн далд уурхайг гүйцээж, хүдэр олборлон баяжуулах үйлдвэр байгуулан 2006 оны долдугаар сард ашиглалтад оруулжээ. Гэхдээ баяжуулах үйлдвэр нь хоцрогдсон технологитой. Олборлосон хүдрээ хагас баяжуулан урд хөршид гаргадаг байна.
Мөн л төмөр, кадми, хар тугалга, мөнгө, алт зэрэг дагалдах металыг нь өмнөд хөршид аваачин ялгаж авдаг гэсэн мэдээлэл явдаг. Энэ ордод ураны нөөц илэрсэн гэдэг мэдээлэл байдаг ч өөрсдөө үгүйсгэдэг. Б.Палам тэргүүтэй манай эрдэмтэн судлаачид Италийн эрдэмтэн судлаачидтай хамтран, Цавын холимог металын ордод судалгаа хийгээд метал мөнгөний хүдэр гэж хэлэхээр их хэмжээний мөнгөний зэрэгцээ газрын ховор шороон элемент тодорхой хэмжээгээр агуулагдаж буйг тогтоосон байна.
Эдгээрийг ашиглахын тулд олборлон баяжуулах үйлдвэр байгуулснаар баяжмалаас мөнгө болон газрын ховор шороон элементийг ялган авах боломжтой. Цавын галенитийг дан ганц хар тугалга, цайрын үнээр биш түүнд агуулагдаж буй мөнгөний үнийг оролцуулан үнэлж борлуулвал эдийн засгийн илүү үр дүнд хүрч болохыг тогтоосон байдаг. Гэсэн ч Цавын ордыг эзэмшиж буй “Шан луу” компани зөвхөн цайр болон хар тугалга олборлох зөвшөөрөлтэйгээр ашигласаар байна.
С.Эрдэнэбат “Монголын мэдээ” сонин
1 comment
Авилгач шунахай эрхтэн дархтан мэдээлэлд ойр этгээдүүдийн л хийж буй ажил . Тэрнээс ашигтай гэж тооцоод авч бгаа үй олон хятдуудыг хүмүүжүүлнэ гэж байхгүй дээ