Ангийн даргаа огцруулах санаачлагыг эхлүүлээд буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэмжиж УИХ-ын 39 гишүүн мутраа хайрлажээ. Гишүүдээс Ц.Нямдорж, Я.Санжмятав нарын гишүүд сүүл мушгиж, ийнхүү УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төсөл бэлэн болсон байна. Тэгэхээр УИХ-ын дарга ажлаа өгөх нь цаг хугацааны л асуудал боллоо.
Үүнтэй зэрэгцэн дараагийн УИХ-ын даргын марафон хэдийнэ эхлээд байна. Энэ удаагийн марафонд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Ж.Энхбаяр болон ахмадуудаас Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд нарын нэр яригдаж байгаа.
Мөн МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа, Д.Оюунхорол гишүүн яригдаж байсан ч Д.Хаянхярваа гишүүн өөрөө УИХ-ын дарга болохгүй гэдгээ мэдэгдсэн.
Мөн С.Бямбацогт гишүүний нэр ч дуулдаж буй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх аль эртнээс түүнийг зэхэж байсан. Тэрээр өнгөрсөн зун С.Бямбацогт гишүүнтэй уулзаад УИХ-ын даргын суудлыг өгье, намаа цэвэрлэхэд тусла! Эсвэл чамайг дэвшүүлэхгүй гэсэн хоёр сонголтыг тулгасан талаарх мэдээлэл өнгөрсөн зургаадугаар сараас л олон нийтэд ил болсон байдаг. Харин тэрээр эхнийхийг сонгосон бөгөөд өдгөө түүний нэр марафонд гүйж буй нь энэ байх.
Зарим иргэд туг барин оройлон гүйсэн Л.Оюун-Эрдэнэ гишүүн бусдыгаа уралдуулж байгаад дундаас нь өөрөө суудлыг нь авч ч мэднэ гэцгээж байна.
Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж үгүй. Харин мөнхийн эрх ашиг гэж бий гэлцдэг. Тэрхүү эрх ашгийнхаа төлөө Төрийн ордонд хэр их гүйлдэж, хэрхэн тохиролцох нь тэдний хэрэг бөгөөд хөшигний цаана асуудал яаж өрнөж буйг бид таашгүй.