Туркийн сөрөг хүчний намууд тус улсын сонгогчдын албан ёсны бүртгэлээс байж боломгүй олон баримт илрүүлснээ мэдэгджээ. Тухайлбал энэ жил анх удаа сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 100-аас дээш настай хэдэн мянган хүний нэр олдсон байна. Тэдний хамгийн ахмад нь 165 настай хүн байгаа юм. Ирэх гуравдугаар сард Турк улсад орон нутгийн сонгууль болох гэж байгаа. Эдийн засаг нь доройтож, үндэсний валютын ханш нь жилийн дотор огцом унасан энэ үед болох сонгууль нь ерөнхийлөгч Эрдоганы эрх баригч AK намын хувьд хүнд хэцүү сорилт болох юм. Ирэх сонгуулиар AK намыг нийслэл Анкара болон бусад гол хотуудад ялагдах магадлалтай гэж ажиглагчид дүгнэж байна.
Тиймээс сонгуулийг будлиантуулах арга хэмжээ авч, бодит бус сонгогчдыг олноор бий болгож байна гэж сөрөг хүчнийхэн сэжиглэжээ. Туркийн сөрөг хүчнийхэн дээрх ноцтой баримтуудыг өмнөх сонгуулиар AK нам бага саналаар ялагдаж байсан бүс нутгуудын сонгогчдын бүртгэлээс олж илрүүлсэн байна. Тухайлбал 100-аас дээш насны 6,000 гаруй сонгогч илэрсний хамгийн ахмад нь 165 настай байв. Гэтэл тус улсын албан ёсны хамгийн өндөр настай хүн 116 настай юм. 165 настай гэж бүртгэгдсэн Айсе Экичи нь 1854 онд буюу Оттоманы эзэнт гүрний үед мэндэлсэн бөгөөд энэ жил анх удаа сонгуульд санал өгөхөөр бүртгүүлжээ. Түүний дараа 149, 148 настай “хуурамч” иргэд мөн бүртгэгдсэн байна.
Бас нэг хаяг дээр маш олон хүн бүртгэлтэй байх тохиолдол олноор илэрчээ. Тухайлбал орон сууцны нэг байранд 1,000 орчим сонгогчийн нэр бүртгэгдсэн байна. Мөн баригдаж дуусаагүй орон сууцанд, дөрвөн давхар байрны тавдугаар давхарт хаягтай сонгогчид Истанбулд илэрчээ. Сонгогчдын шилжилт хөдөлгөөнд сэжигтэй зүйлс олон ажиглагдсан байна. Жишээ нь Чанкири хотын нэг дүүргийн сонгогчдын тоо зургаан сарын дотор 95 хувиар нэмэгджээ. Сөрөг хүчний намууд дээрх илэрсэн баримтуудыг шалгах хүсэлтийг сонгуулийн хороонд хүргээд байгаа гэнэ.
Эх сурвалж: BBC