Хуульч, судлаачид нэгдэн ЖДҮХС-гаас зээл олгох шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн талаар болон ЖДҮХС-гаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх үүссэн нэр бүхий компаниудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэдний хэлж буйгаар ЖДҮХС-гаас баталсан сонгон шалгаруулалтын журамд өөрчлөлт орсноор асуудал үүссэн аж.
Хуульч Ж.Эрхэмбаатар энэ талаар “Бид хэд хэдэн үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны болон Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд хандаад байна. ЖДҮ-ийн зээл олгох шийдвэрийг судлаад үзэхэд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын гурван тушаал гарснаар асуудал үүссэн байна. Тиймээс бид Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Дараагийн үндэслэл нь ЖДҮХС-гаас баталсан сонгон шалгаруулалтын журамд хоёр өөрчлөлтийг оруулснаар өмнө нь зээлийн төсөл нь тэнцэж, эх үүсвэр нь хүлээгдэж байсан ААН-ийн бололцоог нь хааж шинээр төсөл авах буюу маргаан дагуулаад буй 134 аж ахуй нэгжийн зээлийг нээсэн тушаал гарсан байгаа. Энэ актыг бид давж заалдах шатны шүүхэд өгсөн юм” гэлээ.
Хуульч, судлаачид нэгдэн ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгосон албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм байна. Үүнтэй холбогдуулан “Онч шийдэл” ТББ нь ХХААХҮ-ийн сайдад холбогдуулан хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
“ХХААХҮ”-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А/88 тоот тушаалын 1-р хавсралтаар санхүүжүүлэх төслийн жагсаалтыг баталсан. Уг жагсаалтаар төрийн өндөр албан тушаалтан буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д багтсан албан тушаалтнуудад ЖДҮХС-аас зээл авах эрх үүссэн аж.
Хуульчдын зүгээс нийтийн өмчид хууль бусаар халдсан үйлдлийг шүүхээр тогтоолгож, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл бий болгох үүднээс нэхэмжлэл гаргасан байна. Мөн нэхэмжлэл гаргаснаар хууль бус шийдвэрийн үндсэн дээр олгогдсон зээлийг буцаан төлүүлэх, улмаар төсөл нь тэнцсэн боловч зээлийн санхүүжилтийг хүлээж байсан жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд бодит зээл олгогдох эрх зүйн үр дагавар үүснэ хэмээн үзжээ.
Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн “АТГ-аас авсан мэдээллээр ЖДҮХС-ийн сонгон шалгаруулах хорооноос дэмжигдсэн боловч санхүүжилт хүрэлцээгүйн улмаас санхүүжилтээ авч чадаагүй 300 гаруй төсөл байна. Хэрэв ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн гэм буруутай нь тогтоогдвол улс төрийн болон хуулийн, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Гишүүд авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, УИХ-ын тухай хуулийн 10 гаруй заалтыг зөрчсөн нь нийтэд илэрхий байгаа” гэсэн мэдээллийг хийлээ.
1 comment
Ганцхан ,ЖДҮ-гийн ,асуудлыг ,яриад ,байдаг ,том ,хэргүүдийн ,булхиаг ,дарах ,гэж ,улайрсаар ,байх юм. Зорилготой.