Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд аймгаас томуугийн дэгдэлттэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирүүлжээ. Хүсэлтийг хүлээн авч БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тушаал гаргасан байна.
Уг тушаалд дурьдсанаар аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчин дэгдэн, халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ЕБС-ийн хичээлийг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоохоор боллоо. Тасарсан хичээлийг багш, сурагчдад хүндрэлгүйгээр энэ хичээлийн жилдээ нөхөн судлах арга хэмжээ авахыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт үүрэг болгожээ.
Бусад аймгууд томуу, томуу төст өвчний дэгдэлт үүсэх нөхцөл байдал бий болбол заавал аймгийнхаа Засаг даргын албан бичгийг урьдчилан даруй ирүүлэх ёстойг БСШУС-ын яамнаас зөвлөлөө.