Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй ЕТГ, Засгийн газрын холбогдох байгууллагын төлөөлөл багтсан Ажлын хэсэг 2018 оны нэгдүгээр сарын 14-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хот, ШУӨЗО, ӨМӨЗО-нд ажиллав. Дэд сайд Б.Батцэцэг нэгдүгээр сарын 16-ны өдөр Өрөмч хотод БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газрын дэд тэргүүлэгч Жао Чунзьютэй, 1 дүгээр сарын 17-ны өдөр Хөх хотод БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын дэд тэргүүлэгч Ай Лихуатай уулзлаа.
Дэд сайд ШУӨЗО, ӨМӨЗО-ны удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр хоёр талаас дэвшүүлсэн Монгол, Хятадын хоорондын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд худалдааны бүтцийг сайжруулж, нэмүү өртөг шингээсэн, уурхайн бус салбарын экспортын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын бус хориг саадыг бууруулах зэрэг чиглэлд анхаарч буйг тэмдэглэлээ. Монголын тал БНХАУ-ын хил залгаа бүс нутгуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч ирснийг Дэд сайд Б.Батцэцэг тэмдэглэж, “Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсэг”-ийн механизмын үйл ажиллагааг сэргээх санал дэвшүүлж, “Монгол Улсын ГХЯ, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсэг”-ийн IV хуралдааны Протоколын хэрэгжилтийн явцын талаар ярилцав.
Ажлын хэсгийн төлөөлөгчид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломж, түүний дотор Монгол Улсын баруун бүсэд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн болон зүүн бүсэд тариалсан, үйлдвэрлэсэн үр тариа, гурилан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох боломжийг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Хавирга-Архашаат, Бичигт-Зүүнхатавч, Булган-Такашикен, Даян-Хуншаньзюй зэрэг боомтын үйл ажиллагааг сайжруулах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тохиролцлоо.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам