Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар “Амьдрал” тоглолтоо өчигдөр UB Palace-ын концертын их танхимд тоглож, фэнүүдтэйгээ уулзаж нэгэн үдшийн хамтдаа өнгөрүүлжээ. Сүүлийн үед хувийн амьдралын асуудлаар багагүй шуугианыг дэгдээсэн ч дуучин хосууд анхны “Амьдрал” тоглолтоо тоглосон нь энэ аж. Гэхдээ тоглолтыг үзэгчдийн хүсэлтээр гэсэн тодотгол нь танхим дүүрэн үзэгчээс харагдаж байсан юм.
Мөн алс холын нутгаас “Амьдрал” тоглолтыг үзэхээр ирсэн үзэгчид сэтгэлийн үгээ хэлж, нутгийн бэлгээ гардуулж хүргэн хүүдээ тусгайлан бэлэг бэлдсэнийг ч дуулгаад амжсан. Гэхдээ ирсэн үзэгчдээс 10 нь сая төгрөгтэй буцаж, уран бүтээлчид маань чамгүй бэлгийг бэлдсэн нь анхаарал татаж байлаа. Үзэгчдийн дундаас саятнууд ээлжлэн гарч ирэхэд Дорнод аймгаас зорин ирсэн үзэгч байсан бол хүүхдийн сайн сайхны үйлсэд зориулж билетийг нь авсан ахад ч сая төгрөг очсон. Энэ үдэш аз нь алгандаа багтсан 10 үзэгч дуучин хосуудаас дурсамжийн шагналаа гардсан юм. Хувийн амьдралын дуулиантай үйлдлээрээ олны анхаарлыг татсан ч дуучин хосууд анхны “Амьдрал Live” тоглолтоо тоглож, “Амьдрал таашгүй” хэмээх үгийг ирсэн зочдынхоо сэтгэлд үлдээсэн юм.
News.mn