Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж, “Ус сувгийн удирдах газар” ОНӨҮГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү болон бусад албаныхан Токио хотын Тохижилт, хог хаягдлын менежментийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төвийн захирал Үнэмүрагийн танилцуулснаар тус төвд Токио хотын 23 дүүргийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал ирдэг байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн үйлдвэрийн хог, цэвэрлэх байгууламжийн лаг шаврыг хүлээн авдаг аж. Хог хаягдлыг далайн эрэг дагуу булдаг байна. Тус төвийн гадаад харилцаа, сурталчилгаа хариуцсан ажилтан Накамура хэлэхдээ “Япон улс 120 сая хүн амтай. Токио хотод 13 сая хүн амьдардаг. Үүнээс 9 сая хүний өдөр тутамдаа гаргадаг хог хаягдал энд ирдэг. Токиогийн хогийг булах эцсийн цэг энэ. Үүнээс цааш өргөтгөх боломжгүй. Өнөөгийн хэмжээнд ашиглавал 50 жилийн дараа хог булах цэг дүүрч, ашиглах боломжгүй болно. Тиймээс бид оршин суугчиддаа хог хаягдлаа багасгаж, дахин боловсруулах уриалга гаргаж байгаа” хэмээв.

Тохижилт, хог хаягдлын менежментийн төв нь агаарын бохирдол, усны чанарт мөн хяналт хийдэг байна. Токио хотод хогийг ачихдаа шатдаг, шатдаггүй, том хэмжээтэй, дахин боловсруулж болох гэж 4 ангилдаг аж. Хог булсан цэгүүддээ метан хийний улмаас гал гарахаас сэргийлж үе үе усалгаа хийдэг байна. Үүндээ цэвэрлэх байгууламжаас гарсан усыг ашиглаж иржээ. Токио хотын Тохижилт, хог хаягдлын менежментийн төв үйл ажиллагаандаа хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн их чухалчилдаг гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод танилцууллаа. Тэд өдөр тутмын ахуйн хэрэглээндээ анхаарвал хог хаягдлыг багасгах боломжтой гэж үзэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн