АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын талаарх төлөвлөгөөнийхөө талаар ярьсангүй. Харин Пхеньянаас гарч буй цөмийн зэвсгийн аюул заналхийллийг энхийн замаар шийдвэрлэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Д.Трамп Fox News телевизэд ярихдаа “Цаашид юу болохыг харцгаая. Бүх юм сайнаар эргэж, энх тайван тогтоно гэдэгт би итгэж байна. Гэвч Хойд Солонгосын лидер Ким Чен Унтай хийж буй яриа хэлэлцээ удаан хугацаанд үргэлжилж байгаа гэдгийг мэдэж байгаа биз дээ” хэмээн онцолсон байна.
Гэхдээ тэрээр цаашдын төлөвлөгөөнийхөө талаар мэдээлэхээс татгалзжээ. АНУ Хойд Солонгост цохилт өгөх боломжийн талаар асуухад Трамп “Дөрвөн долоо хоногийн дараа хийх гэж буй зүйлийнхээ талаар яриад сууж байдаг бусад удирдагч шиг ажиллахгүй. Ингэж ажиллаад дэмий байдаг” хэмээн хариулсан аж. Пентагоны тэргүүн Жеймс Мэттис АНУ-ын цөмийн зэвсгийн хүчин чадлыг нягтлан дүгнэх даалгавар өгөөд байгаа билээ.