ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн П.Ганхуягт холбогдох авлига, албан тушаалын хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны өнөөдөр шүүх хянан хэлэлцэхээр товложээ. Зарим хэвлэлд эл эрхэм шүүхээр гэм буруугүйг маань тогтоосон хэмээн шүүхийн шийдвэр гарахаас өмнө ярьсан гэнэ. Гэтэл тус шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг, улсын яллагч У.Дэндэвдорж зэрэг бүрэлдэхүүнтэй уг хэргийг 09.00 цагт хэлэлцэхээр товлосон байгаа юм.
Тэрбээр эл яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Нью фоос” компанийн захирал Ц.Лхагвасайханаас 25 сая төгрөгийн хахууль авч, компанийг нь тендерт ялуулсан хэрэгт холбогдоод буй юм. 2013 онд Малын тэжээл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх 500 сая төгрөгийн өртөгтэй ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт Худалдан авах ажиллагааны газраас зарлаж, тухайн оны хоёрдугаар сарын 14-нд П.Ганхуягийг үнэлгээний хорооны гишүүнээр томилсон юм. Энэ үедээ тэрбээр 25 саяыг дансаар болон бэлнээр халаасалчихсан аж.
Уг нь “Нью фоос” компанийнхан тендерт оролцохдоо БНСУ-аас Монгол орны цаг агаарын эрс тэс уур амьсгалд нийцсэн, стандартын шаардлага бүрэн хангасан тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон аж. Улмаар 2013 оны аравдугаар сарын 4-нд “Нью фоос” руу 500 сая төгрөгийг нь шилжүүлснээр ХХААХҮЯ-ны мөнгө хий дэмий урсаад явчихжээ. ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн П.Ганхуяг, “Нью фоос”-ын захирал Ц.Лхагвасайхан нарт холбогдох хэргийг АТГ-ынхан шалгах явцад мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан бөгөөд түүнд тендерт шалгарсан компани 15 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлжээ. Уг төхөөрөмжүүд нь БНСУ-д бус, БНХАУ-д үйлдвэрлэжээ” гэсэн байна.
БНХАУ-д үйлдвэрлэсэн төхөөрөмж нь зэвэрсэн, өвлийн улиралд ажиллах боломжгүй, стандартын шаардлагад нийцээгүй байсан талаар уг төхөөрөмжийг авсан хэд хэдэн хүн тус яамныхан болон АТГ-т гомдол гаргасан юм байна.
“Нью фоос” компаниас тоног төхөөрөмж хүлээн авах ажлын хэсгийн ахлагчаар тухайн үеийн ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал тэргүүтэй хүмүүс ажилласан бөгөөд тэд “П.Ганхуяг ажлын хэсэгт байгаагүй. Гэхдээ хариуцсан ахлах мэргэжилтний хувьд түүнийг байлцуулсан нь үнэн. П.Ганхуяг тухайн тоног төхөөрөмжийн баримт бичгийн бүрдлийг хангах, нэг бүрчлэн тоолж хүлээн авах ажлыг хариуцсан. Уг төхөөрөмжүүдийг хүлээн авах актыг тэрбээр ганцаараа бичиж, бид түүнд найдан сүүлд нь гарын үсгээ зурцгаасан” хэмээсэн аж. Шүүх уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэн мэдээлэх болно.
Д.ДАЙЧИН
1 comment