Яагаад боловсролтой хүн төр барих ёстой бэ?

Монголын төр, нийгмийн удирдагч асан Ж.Батмөнх гуайн гэргий А.Даариймаа гуай өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа:

Талийгч маань хүүхэд талханд очерлож байгаад гишгүүлж үрэгдсэнийг дуулаад харваж бие нь муудсан, тэгээд ер нь эргэж нэх тэнхрээгүй дээ
гэж дурссан байдаг.  Хүүхэд байхдаа уншсан энэ гунигт явдал яагаад ч юм бэ ой тойнд тод үлджээ. Талханд очерлож байгаад хүүхэд үрэгдсэнийг өөрөө анх удаа уншиж, цочирдсоноос болсон байж магадгүй. Хүн ямар нэг цочир, хурц мэдрэмжтэй хамт авсан мэдээллийг барагтай бол мартдаггүй.

Дараа нь арай ухаан сууж, элдэв хүнтэй таарч үзээд хүний хүүхдийн төлөө харватлаа харууссан хувь хүнийг нь хүндэлмээр санагдах болов. Дахиад дараа нь хүний тархины онцлог, шинэ мэдээлэлд хандах риакц хаанаас гардгийг мэдэж аваад энэ явдлыг арай өөр гэрэлд, өргөн агуулгад нь ойлгохоор болсон гэж боддог.

Энэ удаа дээрх жишээнээс сэдэвлээд муусайн хулгайчууд, жинхэнэ эх оронч хэрэгтэй байна гэхчлэн улиглах биш яагаад төрд боловсролтой хүн гаргах ёстой тухай хүний тархины онцлог талаас нь зарим нэг мэдээлэл өгье гэж бодов.

Англи хэлэнд өөр өөр мэдээллийг холбож шинэ ойлголт авахыг connect the dots буюу цэгүүд холбогдох гэж хэлээд байдаг. Энэ хэлц хүний тархи шинэ ойлголт хэрхэн бүрдүүлдгийг шууд илэрхийлсэн их сонирхолтой хэлц. Монгол хэлний “ойлгох” гэж үг бүр сонирхолтой. Ойлгох гэдэг үгийн өөр нэг хэрэглээ байдгийг та мэднэ, толинд дүрс ойлгох, усанд дүрс ойлгох гэх мэт. Тархи үнэхээр л шинэ ойлголтыг мэдээллүүдийг холбох буюу цэг холбох замаар, эсвэл өмнө нь авсан хуучин мэдээллүүддээ тусгах(ойлгох) замаар бүрдүүлдэг байна.

Доорх зурагт тархины бор гадаргууг бүрдүүлж байгаа мэдрэлийн эс невронууд болон тэдний сүлжээ харагдаж байна. 200 тэрбум орчим байгаа гэгдэх мэдрэлийн эс, нэг нь хэдэн мянган синапс буюу мэдрэлийн эсийн холбоос бүрдүүлж бусад эсүүдтэй холбогдсон аварга нетворк сүлжээ. Энэ аварга сүлжээнд хоёроос дээш мэдрэлийн эс синапсаар дамжин мэдээллээ солилцож, синхронизац(iPhone-ыг iTunes-д холбож хоёр талын датабэисээ ижилхэн болгож, синк хийдэг шиг) хийхэд шинэ ойлголт төрдөг байна. Өөрөөр хэлбэл ямар нэг юмыг “ойлгох” гэдэг нь тархинд “хоёроос дээш мэдээлэл холбогдож, эвлэсэн” гэсэн үг. “Улаанбаатар утаатай байна” гэсэн мэдээллийг ууртай хүлээж авахад Улаанбаатар гэж юу вэ, утаа гэж юу вэ, мөн утаа эрүүл мэндэд хортой гэх мэт нэгж ойлголтууд амархан холбогдож, хурдан ойлгодог.

Үүнийг нөгөө талаас нь харвал тархинд нь шинэ мэдээлэл ойлгох(тусгах), шинэ мэдээлэлтэй холбогдчихоор суурь мэдээлэл байхгүй бол ерөөсөө аливааг ойлгож чадахгүй гэсэн үг.

Улаанбаатар, утаа гэх мэт аж ахуй, амьдралын туршлагаар бүрдэх мэдээллүүд байх. Нөгөөтэйгүүр, таталцлын долгион, хүний эрх, төрийн үүрэг, удирдагчийн хариуцлага гэх мэт илүү өндөр түвшний мэдээллийг системтэй өгч, невроны сүлжээг тэлж, хөгжүүлж өгөхийг л боловсрол гэдэг(тархи чинь огт нугалаагүй байх гэх мэт хэрүүл эндээс гаралтай, илүү том сүлжээ үүсэх тусам тархины бор давхаргат нугалаа үүснэ). Боловсрол бол цол бичсэн диплом биш, өндөр хөгжсөн невроны сүлжээ. Энэ хоёр нэг утгатай байхаа больсон нь системийн гажуудал юм. Түүн дундаа байгалийн хуулиудад суурилсан шинжлэх ухаанаас гадна хэдэн мянганы турш хөгжүүлж ирсэн хүний нийгмийн харилцааг зохицуулах философийн үнэлэмжүүдийг олгох боловсролыг liberal art буюу нэг утгаараа хүмүүнлэгийн эрдэм гэж нэрлэж ирсэн. Сайн хүний үр гэлцэх гэрийн хүмүүжил сайтай хүмүүн бол аав ээжийн нөлөөгөөр либерал үнэлэмжүүд шингээж төлөвшсөн бие хүн.

Огт дипломгүй ч либерал боловсролтой хүн байх нь байх, гэхдээ абстракт үнэлэмж, ухагдахуунуудаас бүрддэг тусмаа бие даан эзэмших тийм амаргүй. Багшаар цэгцтэй заалгах, зөв номоо олж унших, лекц бичих(бичих их нөлөөтэй), хэлэлцэх, мэтгэлцэх, дасгал ажиллах, шалгуулах, алдах, турших, хэрэгжсэн жишээг нь нүдээр үзэх, итгэж үнэмших…за даа зовлогоо зовоож байж л бага сага дөртэй болно. Өөрийгөө ингэж зовоох сэтгэлийн тэнхээтэй хүн ховор, кредит, диплом, зэрэг цол мэтээр ташуурдаж байж сургадаг их сургуулиуд, боловсролын системийн үүрэг ролийг үгүйсгэх аргагүй.

Ингэж зовлогоо зовоогоогүй, дээд сургууль төгссөн нэртэй ч халтуурны цаас аваад төгссөн, суурь либерал үнэлэмжгүй хүн төрд гарчихаар яадаг вэ? “Хүүхэд хүчирхийлэлд өртөж байна” гэдэг 4 үгийг ойлгохгүй шүү дээ. Тусгаж ойлгож авах толь мэт невроны сүлжээ нь хөгжөөгүй амьтад чинь.

Ийм 4-хөн үгийг ойлгоход л “хүний эрх”, “хүүхдийн эрх”, “томчуудын хариуцлага”, “хүчирхийлэл”, “төрийн үүрэг” гэх мэт нэлээн олон суурь үнэлэмжийг яс махандаа шингэтэл өөрийн болгосон либерал боловсрол хэрэгтэй. Монголд бугласан асар олон асуудлыг энэ мэт statement мэдэгдлүүд хийгээд тэдгээрийн суурь нэгжүүдэд задалж үзэж болно. Тэдгээр нэгж мэдлэгүүдийг ойлгох хэмжээний боловсрол олох цаг зав, боломж угаас бага байх карьер хөөсөн эсэн бусын хог төрд цуглуулсныхаа горыг бид хүртэж амьдарч байна. Наад захын жишээ, Ц.Элбэгдорж жинхэнэ либерал хийгээд эдийн засгийн боловсролтой байсан бол монгол хүн ийм нөхцөлд амьдарч байхад өсөлт авчирдаггүй асем гэж шоу зохион байгуулахгүй. Э.Бат-Үүл либерал боловсролтой байсан бол монгол хүүхэд баастай хортой хөрсөн дээр тоглож байхад уут хэвлэж, даншиг наадах биш ядаж хөрс сэргээх ёстой гэдэг дохиог хар аяндаа цаанаасаа тархи нь шийдэж өгнө. Өөр өчнөөн жишээ татаж болно. Либерал боловсрол олох боломж багатай цаг үед personality бие хүн нь бүрдсэн, ардчилал буюу хүмүүнлэгийн гол дүр гэж өөрийгөө өргөмжлөх дуртай коммунистууд зөндөө. Баабарын бид нар үхэж дуусч байж өөрчлөлт ирнэ гэдэг үг нь эрх биш цаг үеэ толилсон оюунлагийн хувьд либерал боловсролгүй үе гэдгээ хүлээн зөвшөөрсөн үг гэж боддог.

Эхний жишээ рүүгээ буцъя. Ж.Батмөнх агсан. Нэг үе монгол орныг удирдаж, төрийн жолоог хэдэн бацаанд өөрийн гараар шилжүүлж өгсөн бие хүний хувьд эмгэнэлт жанрын сод зохиолч ч сэтгэж чадахааргүй хувь заяагаар үрэгдсэн хүүхдийн амь бол зүгээр нэг золгүй явдал биш төрийн удирдлага, системээс гаралтай хэрэг гэдгийг агшин зуур ойлгох хэмжээний мэдлэгтэй, төрийн хүн, удирдагчийн хариуцлагатай холбоотой үнэлэмжүүд яс маханд нь шингэсэн учраас л шинэ мэдээг яс махаараа хүлээж авч шооконд ороод бие нь муудсан байх магадлалтай. Жинхэнэ төрийн хүн байж. Энэ мэт хүний дэргэд өөрсдөө хүүхдийн хүчирхийлэгч болчихоод эгээ богдын малгай мэт алт мөнгөн чимэгтэй малгай зүүн данхалзах түшээд бол энэ цагийн эмгэнэлт зохиолын бэлэн гол дүрүүд, түүхийн гутамшиг мөн.

Бор нугалаагаа боловсруулаагүй нөхөд харамсалтай нь төрийн өндөрлөг рүү зүтгэхээ болихгүй, учир нь зүтгэж болохгүйг заах неврон бас байхгүй. Сонгож болохгүйг ойлгох неврон бас байхгүйг яалтай. Ядаж энийг уншсанууд нь тэднийг дэмжиж сэвэхээ болих арга байдаг болов уу, миний биш гэхэд өөрийнхөө төлөө. Төр гэдэг чинь зовлогоо зовоож боловсорсон хэсэг нь нөгөө хэсгээ чирэх түүчээ болог гэж үүсгэсэн аппарат шүү дээ, уг нь.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

4 thoughts on “Яагаад боловсролтой хүн төр барих ёстой бэ?

  1. зочин 2019-01-18 12:25 at 12:25

    Ёстой үнэн.

    Хариулах
  2. Нэргүй 2019-01-18 14:25 at 14:25

    Ер нь хүн сурсан нь бага ч дуулсан нь их гэгчээр сургуульд 4 жил номын дуу сонсож хамт олон дунд чанагдсан хүн сурч боловсроогүы хүнээс бүх зүйлээрээ дутмаг бдг. Төрд ялангуяа мэдлэг боловсролгүй дарангуйлсан жанхуу ухна 2 шиг хүн гарах хэцүү. Монголын нэр олон улсад унаж бн, гадныхныг хадны мангаа аятай холдуулж бн том том хөрөнгө оруулалт гадаад харилцаа муудаж бн. Өрсөлдөгчдөө аль муу муухайгаар урьд өинө монголын түүхэнд байгаагүй худал хуурмаг гүтгэлгийг өөгшүүлж бн, өөрсдийн өнөөдөртөө тохируулж хууль санаачилж батлаж шогтож бн. Ер нь л муу үр дагавар маш их

    Хариулах
  3. иргэн 2019-01-18 16:19 at 16:19

    одоо дандаа боловсрол дорой, биеэ үнэлэгч, хулгайчид бүдүүлгээр дайраад л гарч байна. Ичих ч булчирхай байхгүй. Сарангэрэл гэж ТМС-ийн зурагчин орос монголгүй биеэ үнэлсэн авгайгаас эхлээд….

    Хариулах
  4. heleed egeech ardyyd aa!!! 2019-01-19 18:51 at 18:51

    ene sedebiig ynsaad yostoi ynen gehees eer yum ygyi irgedtei bid herhen zaasaa yabah be?….bygdeeree helzbel byryygyi byleen ysaar ygaabal hirgyi gedeggyisen biluu?…getel olnooroo helzeh yyreg Mongolchyyd bidend baital chimeegyi ynsih ch ygyi doroi baigaa ni idebhgyi sanagdaj baih yum!!!!yagaad bid iim bolchih boo?….heleed egeech?…ardyyd aa!!

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн