Иргэдийн нийт хэрэглээний зээлийг ДНБ-тэй харьцуулбал 7-8 жилийн өмнө 16-18% байсан бол 2017 онд 32-33% болж өсжээ. 2018 онд энэ үзүүлэлт 35% болсон буюу хэрэглээний зээлийн хэмжээ өмнөх оноосоо 45% нэмэгдсэн талаар Монголбанк мэдээллээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн өрийн дарамт сүүлийн 7-8 жилд хоёр дахин нэмэгдэж, сарын бодит орлогынхоо 80-90 хувийг, тэтгэврийнхэн бүр 100 хувь банкны зээлд суутгуулах болжээ. Энэ нь иргэдэд дарамт болохоос гадна урт хугацаандаа бодит эдийн засагт хортой хэмээн үзэж, төв банк макро зохистой бодлогын хүрээнд өр, орлогын харьцааг 70, 30 болгож, хугацааг 30 сараар хязгаарлах болсон талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тайлбарласан.
Хэрэглээний зээлийг хумих зорилгоор өр, орлогын харьцааг 70, 30 болгож, зээлийн хугацааны дээд хязгаарыг 30 сараар хязгаарласан Монголбанкны уг журам 2019 оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, иргэд татварын дараах орлогынхоо 70 хувьтай тэнцэх хэмжээний хэрэглээний зээлийн өр тавих боломжтой. Энэ мөнгийг 2.5 жилээс урт хугацаагаар олгохгүй гэсэн үг. Монголбанк энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр иргэд цалингийнхаа ядаж 30 хувийг авч үлдэх боломжийг олгож байгаа гэв. Угаас ипотекийн зээл олгохдоо төлөлтийг орлогын 40-45 хувьд тооцдог гэж үзэхээр үлдсэн 30 гаруй хувь нь бусад төрлийн зээлд суутгагддаг байна.
Арилжааны банкуудаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон дотоодын нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны арванхоёрдугаар сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 506.8 (3.0%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.6 (26.5%) их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо энэ долоо хоногт мэдээлсэн. Дотоодын нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны арванхоёрдугаар сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 506.8 (3.0%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.6 (26.5%) их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо энэ долоо хоногт мэдээлсэн. 17.2 их наяд төгрөгийн зээлийн 50 хувь нь аж ахуйн нэгжүүд, 50 хувь нь иргэдийн авсан зээл аж.
Иргэдийн авсан зээлийн 4.5 их наяд нь орон сууцны зээл бол үлдсэн 4 орчим их наяд нь хэрэглээний зээл эзэлж байна. Өөрөөр хэлбэл, иргэд удаан эдэлгээт бараа буюу авто машин, цахилгаан бараа зэрэг хэрэгцээгээ зээлээр санхүүжүүлж байна. Гэвч энэ нь нөгөө талдаа импортыг дэмжиж байгаа гэсэн үг. 2018 оны статистик мэдээллээр өнгөрсөн онд манай улсын гадаад худалдааны эргэлт 2017 оныхоос 2.3 тэрбум ам.доллараар нэмэгдсэний 1.5 тэрбумыг нь импорт эзэлжээ. Өөрөөр хэлбэл, импорт өмнөх оноосоо 35.5% өссөн гэсэн үг. Үүний дийлэнхийг авто машин, тоног төхөөрөмж, түүний эд анги, цахилгаан бараа, шатахуун эзэлж буй. Импорт өсөхөд ам.долларын эрэлт нэмэгдэж, ханш өсөх гэгчлэн Монголын эдийн засагт хүсээд байхааргүй нөлөө дагуулна. Ялангуяа, экспорт импортынхоо хэмжээнээс давж чадахгүй байгаа өнөө үед тийм ч таатай үзүүлэлт биш.
Хэрэгцээгээ зээлээр санхүүжүүлж буй иргэдийн хандлагыг өөрчлөх төв банкны эл шийдвэр зөвхөн арилжааны банкууд дээр л хэрэгжиж байгаа. Тиймээс банкнаас бусад зээл олгогч санхүүгийн байгууллагууд буюу ББСБ, ломбардыг дэмжих эрсдэл бий. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Энэ эрсдлээс сэргийлэх зорилгоор Монголбанк Санхүүгийн зохицуулах хороо хамтран Ажлын хэсэг гаргаж, ББСБ-уудын зээлүүд дээр судалгаа хийж эхэлсэн. Санхүүгийн системийн тогтвортой байдал талаас нь авч үзвэл банк болон ББСБ эрсдлийн хоёр өөр орчинтой. ББСБ эрсдэл үүсэхэд эргээд хөрөнгө оруулагч буюу ББСБ-ын эздэд очдог бол банк харилцагчдын эх үүсвэрээр зээл гаргадаг.
Тиймээс бид түрүүлж банкуудад энэ бодлогоо нэвтрүүлсэн” гэлээ. Иргэдийн хэрэглээний зээлийг ийнхүү хязгаарлаж байгаагийн бас нэг зорилго нь эдийн засагт ажлын байр бий болгож, баялаг бүтээдэг бизнес эрхлэгчдийн зээлийн гарцыг нэмэгдүүлэх аж. Зорилт эхнээсээ биелж эхэлснийг Б.Баярдаваа онцлов. “Хэрэглээний зээлээр ашиг олж, өрхийн өрийн дарамтыг нэмж буй банкуудын бодлогыг дэмжихгүй байх талаар төв банкны ерөнхийлөгч 2018 оны нэгдүгээр сард арилжааны бүх банк руу захидал хүргүүлсэн. Энэ мессэж банкуудад хүрч, бизнесийн зээл дээрх өрсөлдөөн нэмэгдсэн. Улмаар сүүлийн жилүүдэд өсөлтгүй байсан бизнесийн зээлийн өсөлт 2018 оны тавдугаар сараас 10%-д хүрсэн нь үр дүнгээ өгч буйн илрэл. Бизнесийн зээлийн гарц сайжрах тусам ажлын байр олноор бий болж, иргэдийн орлого нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэв.
Иргэд зээл авах боломжоо хязгаарлуулж байгаа ч эдийн засгийн өсөлттэй, цалин тэтгэвэр нэмэгдэж байгаа энэ үед хэрэгжүүлж эхэлснээрээ ач холбогдолтой гэдгийг мөн дурдлаа. Цаашид төв банк өр, орлогын 70:30 гэдэг харьцааг нэмэгдүүлж, 60:40 гэх мэт хумьж, харин бизнесийн зээлийг дэмжих бодлого барихаа илэрхийлэв. Хэдийгээр төв банкны иргэдийн хэрэглээний зээлийн хурдтай тэлэлтийг бууруулах, өрийн дарамтнаас гаргах бодлого нь буруу биш ч нөгөө талд төрөөс иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх тал дээр хангалттай ажиллаж чадахгүй байгаад бизнес эрхлэгчид болоод эдийн засагчид шүүмжлэлтэй хандсан хэвээр байна. Тухайлбал, 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын инфляц л гэхэд 9.7-д хүрч өмнөх сараас 0.4 пунктээр нэмэгдээд буй.