Зам зуур түр саатах нэгэнд дулаан гэмээр ч, өдрийн ихэнхийг гадаа зогсож худалдаа хийгсдэд бол хүйтэн жихүүн салхи “Эмээлт” захад сэвэлзэнэ. Монголд байгаа цорын ганц албан ёсны эрхтэй бөгөөд байцаагч, малын эмч, менежертэй бидний төсөөлдгөөс ч илүү чанартай үйлчилгээ үзүүлдэг томоохон амьд малын худалдааны төв хэмээн тус захыг нээгдсэнээс хойш, зургаан жил мал зарж байгаа худалдаачин ярьсан юм. Хэд хоногийн өмнө л гэхэд хоёр гуравхан хүн зогсож байсан бол өнөөдрийн байдлаар арав гаруй хүн, 200 гаруй хонь худалдаалах болсноос харахад cap шинийн уур амьсгал аль хэдийн оржээ. Тус захын худалдаачид “Ганц нэгээр нь зарсаар өдөрт хоёр оронтой тоогоор хонь зарах ч үе бий.
Нэг хониноос таван мянгаас эхлээд ихдээ 30 мянгыг ч харах үе байна. Малынхаа чанараас л шалтгаална. Түүнээс тийм их үнэ нэмдэггүй. Бас хашаанд түрээс гэж өдөрт 10 мянгыг төлдөг хэмээн ярьж байлаа. Энэ жилийн ханшийн хувьд ууцны хонь бусдаасаа арай өндөр үнэтэй буюу 250 мянган төгрөг, дундаж хонь 160-180 мянган төгрөг, шөлний хонь багадаа 120-140 мянган төгрөг байлаа. Тарган хонь 30 гаруй килограмм хангалттай татаж байгаа гэнэ. Тэндээс амьд мал авахад чанартайгаасаа гадна эдийн засгийн талаасаа хэмнэлттэй санагдсан. Эрүүл ахуйн талаасаа ч хяналт шалгалт өндөрссөн гэдгийг “Эмээлт” захынхан онцолж байсан юм.
Тус захын худалдаачдын хэлж буйгаар хонины үнэ өнгөрсөн жилийнхээс 20-30 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Ийнхүү өсөхөд хятадууд малчдын гар дээрээс шууд мах худалдаж авах болсон нь нөлөөлсөн аж. Өнгөрсөн жил “Эмээлт” орчимд гарын таван хуруунд багтах махны үйлдвэр ажиллаж байсан бол энэ жил эрс нэмэгджээ. Тэд хөдөөгүүр явж мах авахын зэрэгцээ, малчид малаа ямар нэгэн ченжээр дамжуулалгүй, шууд энэ үйлдвэрүүдэд нийлүүлж эхэлсэн байна. Ингэхдээ малыг тарган туранхай гэж гололгүй, арай илүү үнээр авдаг нь ч малчдад муу, онд орохгүй малаа борлуулах боломжийг олгожээ. Үйлдвэрүүд 15 килограмм хүрэхгүй туранхай малын нэг килограмм махыг 4,800 төгрөгөөр авдаг байна.
Энэ нь Хятад Улс руу өөхтэй тарган мах гаргадаггүйтэй холбоотой. Махаа боловсруулахдаа өөхийг ялгаж, цул хар махыг нь чанаж, савлаад, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргадаг байна. Хонины өөх, сүүлийг хиамны цехүүд өөрсдөө ирээд авна. Гэдэс дотрыг нь “Дэнжийн мянга”-ынхан авна. Арьс ширийг нь ченжүүд амдаад авчихдаг гэх мэтээр малын бүхий л түүхий эд энд эргэлтэд орж байна. Малчид бол бүгд гарал үүслийн бичигтэйгээ ирдэг болсон. Үйлдвэрүүд түүнийг нь шалгаж авдаг. Ийнхүү махны үйлдвэрүүд малчдаас шууд худалдан авах болсон нь малчны мал хотондоо үнэд хүрэх үндсэн шалтгаан болжээ.
Монгол Улсын хэмжээнд малын сүргийн тоо өсөж 66 сая давсан бөгөөд мах, махан бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн онд 61,395 тоннд хүрсэн гэх статистикийн судалгаа бий. Зарим худалдаачны хэлсэнчлэн мах боловсруулах үйлдвэрүүд нэг талаас малчдын амьжиргаанд тустай, цаашлаад улс орны эдийн засагт нэмэртэй үйл ажиллагаа явуулах болж. Энэ байдал хоёр гурван жил л үргэлжлэхэд монгол малын сүргийн бүтэц чанаржиж, малчдын эдийн засгийн байдал сайжрах боломжтой. Гэхдээ эдгээр бүх үйлдвэрүүдийг хятадууд ажиллуулж буй нь зах зээлийн хувьд алдагдалтай бөгөөд үүнийг төрийн бодлогоор зохицуулах шаардлагатай гэж үзэж байна. Үйлдвэрүүдийн мал цуглуулах, экспортлох оргил үе наймдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд өрнөдөг бөгөөд он гарсаар махны нийлүүлэлт үндсэндээ дуусаж, ихэнх үйлдвэрийн үйл ажиллагаа зогсдог байна.
Энэ нь манай уламжлалт мал маллагааны онцлогоос шууд хамааралтай. Малчид наймдугаар сараас эхлээд хүүхдийн сургалтын төлбөр, өвлийн идэш бэлтгэхтэй зэрэгцэн онд орохгүй малаа борлуулах ажиллагааг арванхоёрдугаар сарын сүүл үе буюу хүйтний эрч чангарахаас өмнө хийж дуусгадаг. Тэгэхээр махны өсөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг ч наймдугаар сараас арванхоёрдугаар сарын үед авч хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй. Нэгэнт махны нийлүүлэлт буурч, үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоож байх үетэй давхцан арга хэмжээ авах нь үр ашиг муутай болно. Гэвч яг эрэлт үүсэж буй cap шинийн өмнө Засгийн газраас мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт оруулж, үйл ажиллагааг нь лацдаж хаасан талаар зарим махны үйлдвэрүүдийн ажилтан хэлж байлаа. Зарим үйлдвэрүүдээс авсан мэдээллээр “Хаагдаад долоо хонож байгаа бөгөөд энэ хугацаанд олон малчид малаа өгөх гэж ирсэн. Гэтэл үйлдвэрүүд хаалгаа барьчихсан учраас малынхаа махыг жижиглэнгийн лангуунууд руу шууд өгч байгаа аж. Улмаар “Монголчууд махаа өндөр үнээр экспортлохын зэрэгцээ дотоодын хэрэгцээг хэрхэн хямд махаар хангах вэ” гэсэн асуултыг нийгэмд үүсгээд байна. Өөрөөр хэлбэл, дотоод гадаадын хэрэгцээг зэрэг хангахын тулд зах зээлийн хуулиас гадуурх зохицуулалт буюу төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай болжээ.
МЭРГЭЖИЛГҮЙ 30 ОРЧИМ ХҮН САРД НЭГ САЯ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛЖ БАЙГАА ЮМ
Энэ үеэр Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэрийн зохион байгуулагч Х.Чулуунцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр “Манай үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоод бараг cap болж байна. Малчдаас өгөх мал багасаж, махны гарц муудсан учраас хаагдсан. Малчид онд орохгүй туранхай муудсан малаа авчирч өгдөг. Өөхийг нь ялгадаг учраас тарган цатгалан мал авдаггүй. Арваннэгдүгээр сард ид ажлын үед ирээд өөрсдөө нүдээр үзэж харвал монголчууд тоож идэхгүй малаа энэ үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа. Авсан махаа чанаж, боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгоно. Мөн технологич, эмч, зөвшөөрөл байх ёстой бүхэн байдаг. Ямааны махыг 9-13 килограммтайг нь зааж авдаг.
Итгэхгүй гэвэл, энэ үйлдвэрт ажилладаг бид ч өөрсдөө “Хархорин”, “Дэнжийн мянга”-аас идэх махаа худалдаж авдаг. Үйлдвэрээс мах авдаггүй. Махыг малчнаас орон нутгийн ченжүүд авч, тэр авсан ченжээс хотын ченж авч, дам дамандаа үнэ нэмэгддэг гэж бодож байна. Ажилчид бүгд монгол хүмүүс. Мэргэжилгүй 30 орчим хүн сард нэг сая орчим төгрөгийн цалинтай болж байгаа юм. Дөрөвдүгээр сараас үйл ажиллагаа эхэлж магадгүй” гэсэн бол өөр нэг мах боловсруулах үйлдвэрийн ажилтан “Хятадууд мах их хэмжээгээр авч, махны үнэ өссөнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяат, цагдаагийн байгууллагаас их том шалгалт ирээд долоо хоногийн өмнө манай үйлдвэрийг хаасан. Бүх юмыг лацдаж, бүрэн үйл ажиллагааг хорьсон. Шалтгаан нь “Засгийн газраас шийдвэр гарсан” л гэж хэлсэн. Гэхдээ махны нийлүүлэлт ерөнхийдөө дуусчихсан байсан.
Одоо бол нөөцийн мах ч байхгүй. Үйлдвэр дөрөв юм уу долоодугаар сараас үйл ажиллагаа эхлэх байх. Яг хэзээ эхлэхийг тодорхой мэдэхгүй байна. Манай үйлдвэр 50-60 ажилчинтай. Бүх ажилчид амарсан. Мэдээж цалингүй” гэж ярилаа. Мэдээллийг дахин тодруулахаар дараагийн үйлдвэрийн хаалгыг татсан боловч хамгаалагч залуу “Үйлдвэрээс тушаал өгч өнөөдрөөс үйл ажиллагаа бүрэн зогсож байна. Мэргэжлийн хяналт, Гадаадын харьяатаас шалгалт ойрд байнга ирж байгаа. Илүү тодорхой мэдээлэл өгөх хүн байхгүй” гэлээ.
“ЭМЭЭЛТ” МАЛЫН ЗАХАД УУЦНЫ ХОНЬ 250-300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРАГДАЖ БАЙНА
Ийнхүү махны үйлдвэрүүд хаалгаа бариад эхэлсэн гэдэг мэдээлэл өгч байна. Тиймээс хөдөө орон нутгаас малаа мөнгө болгохоор ирсэн малчдын хувьд байдал ямар байгааг сонирхсон юм. Булган аймгийн Дашинчилэн сумаас адуу ачиж ирсэн малчин ярихдаа “Өчигдөр дөрвөн адууг килограмм нь 6,100 төгрөгөөр бодон үйлдвэрт өгсөн. Өнөөдрөөс хааж байгаа гэнэ. Одоогоор манай нутагт адуу 900 мянгаас нэг сая төгрөгт хүрч, харин ченжүүдэд килограмм адууны мах 5,500-5,800 хүртэл төгрөгөөр худалдаж байна. Ноднин адуу нэг сая хүрэхгүй, килограмм адууны, мах 4,500 төгрөг орчим үнэтэй байсан. Үйлдвэрүүд ажиллаж байвал малчдад бол хэрэгтэй л байна” гэж ярьсан.
Харин “Эмээлт” захын монгол ченжүүд махны үнэ өсөх болсон шалтгааныг ингэж тайлбарлаж байна. Худалдаачин Батаа “Өнгөрсөн жил жил хонь, ямааны махны бөөний үнэ дээд тал нь 4,000 төгрөг хүрсэн. Энэ жил хонины махны бөөний үнэ нь 5,500 төгрөгт хүрчихсэн, ямааны мах нь 4,000 төгрөг гарчээ. Харин ууцны хонь 220 мянга орчим байсан. Сайн эр хонь л ихээр бодоход 250 мянга хүрч байсан юм. Харин эм хонь намар малчны хотондоо 80 мянга байсан бол одоо нэг зуун мянган төгрөгөөс дээш байна. Давхар сувиа хонь 120-130 мянган төгрөг хүрч байна шүү дээ. Малчид авуул ав, авахгүй бол боль, цаана чинь мах ийм үнэтэй байна гээд гэдийгээд суучхаж байна.
Урьдчилан тохирч байж л очихгүй бол хэцүү байна шүү. Ингэж өсөхөд Хятадууд л нөлөөлсөн. Хятад эзэнтэй үйлдвэрүүд газар дээр нь улаан турсгийг л 4,800 төгрөгөөр авчихаж байна. Арьстай чигээр нь мулзалдаг учраас тарган туранхай хамаа алга тэдний хувьд. Малчид хэдэн зуугаар нь машинаар ачиж ирээд, шууд хятадуудад өгдөг. Ченжээр дамждаггүй. Иймээс мах хомстож, үнэ өслөө дөө” гэж ярилаа. Мөн худалдаачин Хуягаа “Баруун аймгуудаас малаа авчирдаг. Энд худалдан авалт гайгүй байгаа. Харин жижиглэн замаа алдаж байна. 2,000-3,000 төгрөгөөр ч нэмж байна. Уг нь нэг килограммаас нэг мянган төгрөг харахад л хангалттай баймаар. Лангууныхан “Дэнжийн мянга”-аас махаа авна. Мянгынхан бойноос авна” гэлээ. Энэ мэтээр олон гар дамжиж иргэдийн гар дээр мах очиж байна. Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Төв аймгаас борлуулах хонио авчирсан.
Малчнаас ууцны хонийг 210 мянган төгрөгөөр авдаг. Зөвхөн ачааны зардалтайгаа нэг хонь 215 мянган төгрөг болно. Хотондоо очихоор их үнэ хэлдэг. Энэ жил ч хятадууд хөдөөгүүр малыг их авсан даа. Хятадууд нэг монгол дагуулаад хоёр, гурваараа явдаг. Монгол нь харилцаж авдаг. Газар дээр нь малчдаар 25-30 мянгаар гаргуулдаг. Бид нарын 500 мянган төгрөгөөр авдаг үхрийг, хятадууд 700-800 мянган төгрөгөөр авах жишээний. Тэгэхээр малчид аль үнэтэй авсанд нь малаа өгдөг. Лангуунд мах олдохгүй байна, үнэтэй байна гээд хоёр гурав хоногийн өмнөөс Засгийн газрын шийдвэрээр махны үйлдвэрүүдийг зогсоочихсон. Иймээс “Дэнжийн мянга”-д очиж байгаа малын тоо ихсэж, махны үнэ буурч магадгүй гэж бодож байна. Монгол, Хятад хэн ч авсан нэг үнээр авдаг журамд орчихвол зүгээр санагдах юм.
Өмнө нь үнээ 400 мянган төгрөг, соёолон, хязаалан 500 мянган төгрөгөөс дээш гардаггүй учраас баярлаад егдөг байсан. Одоо соёолон үхэр 800 мянган төгрөг, үнээ 600-700 мянган төгрөг хүрлээ. Хятадууд аравдугаар сараас эхлээд нэг айлаас багаар бодоход хорь, гучаар нь мал авсан. Бүр сарлагийг 100-200 ширхгээр нь зарсан айл ч байна шүү” гэж байв. Тэгвэл хуучин 22-ийн товчоо орчимд мал гаргаж эхэлсэн үеэс эхлээд “Эмээлт” захад 15 жил ажиллаж байгаа мал нядлагч ярихдаа “Нэг хонийг 15 мянган төгрөгөөр гаргаад, гэдсийг цэвэрлэж, чанахад бэлэн болтол янзална. Энэ чиглэлээр одоо дөрөв таван айл ажиллаж байна. Дөрөвдүгээр cap гараад 25 айл болчихдог.
Нэг хүн мал гаргахад өдөрт байрны түрээсэнд 21 мянган төгрөг өгдөг учраас татвараа тооцоод мал гаргадаг” хэмээн ярьж байлаа. Ямартай ч “Эмээлт” зах орчмын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссоноор махны үнэ тогтворжих хандлагатай болсон байна. Гэвч хотын төвийн захуудад ястай үхрийн мах 11 мянган төгрөг, үхрийн цул мах 13 мянган төгрөг, хонины ястай мах 7,500 төгрөг, хонины цул мах 8,500 төгрөг, адууны цул мах 8,800 төгрөг, зөвхөн толгойг л дөрвөн мянган төгрөгөөр худалдаалсан хэвээр байна. Ялангуяа cap шинийн баяр болох дөхөөд буй энэ өдрүүдэд “Хүчит шонхор” зах дээр ууцны үнэ 380 мянган төгрөгт хүрсэн бол “Эмээлт” малын захад ууцны хонь 250-300 мянган төгрөгөөр зарагдаж байна. Махны үнэ эрэлтээсээ шалтгаалан ойрын 14 хоногтоо л өндөр хэвээр байна гэдгийг ченжүүд хэлж байна.
Эх сурвалж:
1 comment
ЭМЭЛТЭД БАЙГАА ХЯТАДЫН МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ШУУД ХААХ ХЭРЭГТЭЙ. МЭРГЭЖИЛГҮЙ ХҮМҮҮС САРЫН САЯ ТӨГРӨГНИЙ ЦАЛИНТАЙ Ч ГАЭХ ШИГ, ЯАХАВ 30 ХҮН САЯЫГ АВДАГ Л ЮМ БАЙГАА БИЗ. АРД НЬ НИЙТ 3 САЯ МОНГОЛЧУУД ХОХИРЧ БАЙНА. ХЯТАДУУД МАХНЫ ҮНИЙГ ХӨӨРӨГДӨЖ ӨСГӨӨД БАЙХАД, БИД ЯАХ ЮМ БЭ? ХЯТАДУУДЫГ ШАЛГАЖ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ Ш ТЭЭ???