Монгол орны зүүн бүсэд шинээр байгуулагдах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд 2017, 2018 онд нийт 24 цагаан зээр барьж сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн байна. 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар хүзүүвчтэй зээрнээс 22 нь амьд, 2 нь хууль бус агнуурт өртжээ.
Мэргэжилтнүүд 2017 оны нэгдүгээр сараас 2018 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацааны мэдээллийг нягталж дууссан байна. Тэдний ярьснаар цагаан зээр хоёр улсын хил дамнан нүүдэллэж байгаа нь тодорхой болжээ.
Дээрхи хугацаанд хүзүүвчтэй гурван цагаан зээр ОХУ улс уруу хил дамнан нүүдэллэсэн бөгөөд хоёр нь тодорхой хугацааны дараа Монголд буцан орж ирсэн аж. Харин нэг зээр нь ОХУ-ын нутагт өвөлжиж байгаа юм байна. Бас нэг хүзүүвчтэй зээр 2018 оны нэгдүгээр сарын 14-нд БНХАУ руу хил дамнан нүүдэллэсэн бөгөөд одоогоор тэндээ байршиж байгаа нь хүзүүвчний мэдээллээс тодорхой болсон байна.
Тал нутгийн гайхамшиг болсон цагаан зээрийг зөвхөн Монгол Улсын хэмжээнд хамгаалах бус, хамтарсан хамгаалал зайлшгүй шаардлагатай байгааг энэхүү судалгааны үр дүн харуулж байгаа юм.